Хотын дарга Х.Нямбаатарын гэнэтийн шийдвэрүүд хахир өвлийн хүйтэнд нийслэлчүүдийг зовоож байна. Сарын өмнөх амралтын өдөр гэнэт шийдвэр гаргаж, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлаж, иргэдийн машиныг долоо хоногийн 2-3 өдөр нь зогсоосон. Өвчтэй хуучтай хүн, өндөр настан, үр хүүхдээ зөөх асуудал хүн бүрийн толгойны өвчин болж, ажил тараад автобусны буудал дээр багширдаг болов. Өвлийн хахир хүйтэнд хэзээ ирэх нь тодорхойгүй автобус хүлээх нь үнэндээ зовлон.
Ингэж машинаа хязгаарлуулж, автобуснаас өөр хөл дүүжлэх унаагүй байсан нийслэлчүүдийг Х.Нямбаатар дахин явгалав.
Тэр энэ удаа автобусны маршрутыг өөрчилж, богино эргэлттэй болгосон гэнэ. Үнэндээ холион бантан, ойлгомжтой нэг ч чиглэл байсангүй. Автобусанд суух иргэд байтугай автобусыг хөдөлгөж байгаа жолооч нь чиглэлээ ойлгохгүй, төөрлөө. Иргэд буудал дээр багшралдаж, хөлдөх шахаж байхад автобус нь хаа нэгтээ хоосон давхиж байв. Ямар сайндаа л автобусны жолооч “Гуравхан буудлын хооронд 28 тойрлоо. Нэг ч хүн суусангүй, сандлаа ачаад явж байна” хэмээн бухимдаж байхав.
Гэтэл хотын дарга Х.Нямбаатар “...Мэдээж энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэнбугай ч дургүйцэх нь дамжиггүй” гэж жиргэжээ. Дээрээ хэний эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа нь өвлийн хүйтэнд автобус хүлээж зогсоо иргэдэд огт падгүй.
Хахир өвлийн хүйтэнд автобус хүлээж зогсоо иргэдэд ч эрх ашиг гэж байхгүй, тэдэнд зөвхөн хөл дүүжлэх унаанд багтах нь л чухал байна. Энэ бол нэг хүн эсвэл Төрийн ордныг тойрдог хэсэг бүлгийн асуудал, тэдний эрх ашиг биш. Нийслэлийн 1.3 сая иргэнд шууд хамааралтай асуудал.
Хотын дарга Х.Нямбаатар та эрх мэдлээ ашиглаж, давс мэт шорвог шийдвэрээ хэрэгжүүлж болно. Гэхдээ цагаа олно уу. Та туршилт хийж, туршлага хуримтлуулах гэж байгаа бол зуны цагт, дулааны улиралд хүссэнээрээ аашил. Даарч бээрэхгүй учраас иргэд үглэж дуулж байгаад дасчихна. Харин та эрх ашиг гэдэг үгээ хүссэнээрээ хэлж, эрх ашигтай хэсэг бүлэгтэйгээ “дайтна” биз.
Хахир өвлийн хүйтэнд гаргасан гэнэтийн шийдвэрүүд чинь нийслэлчүүд халгаатай, харгис байна!
Б.Хэрлэн