Үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдэл, улс төрийн хүрээний элдэв хулгайгаас шалтгаалан нийгмийн сэтгэлзүй тун тогтворгүй, хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн байгаа. Энэ байдалд “Дүнжингарав”-ын уулзварт болсон үйл явдал гал нэмж, ард түмэн хэзээ л бол хэзээ төв талбайд гарч, Төрийн ордныг бүслэхэд бэлэн болж байна.
Зүй ёсоор бол энэ осол дүрэм журам биелүүлээгүй жолооч, зөвшөөрөлгүйгээр их хэмжээний аюултай бодис тээвэрлэн хотын төвөөр явуулсан Дашваанжил ХХК-ийн хариуцлагын асуудал. Гэхдээ ард түмэн ажлаа хийж явсан жолоочийг, хувийн хэвшлийг буруутгасангүй, харин ч тэднийг өмгөөлж хамгаалахаар нэгджээ.
Гагцхүү энэ бүхний эх үндэс болж, өнөөдрийн энэ байдлыг бий болгосон төрд уурлаж, бухимдаж байна. Монголын төр хариуцлагатай, ёсзүйтэй, хууль дүрмээ ягштал баримталдаг, хариуцлагын механизм хангалттай ажилладаг байсан бол гурван сайхан аврагч эндэхгүй, өчнөөн олон хүн эмнэлгийн орон дээр тарчлахгүй байлаа. Хэдэн зуун хүн орох оронгүй болж, эд хөрөнгөөрөө хохирохгүй байв.
Харамсалтай нь Монголын төрд хулгайч нар шургалж, толгойноосоо ялзарчихаад байна. Хулгайч хулгайчаа барихгүй хаацайлсаар өнөөдрийн зах замбараагүй, хууль дүрэм үйлчилдэггүй улсыг бий болгочихлоо. Хулгай луйвар нь хэдийнэ ил болсон ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, нүүрсний хэрэг, газрын наймааны хэргийг шийдвэрлэж, нэр холбогдсоноос эхлээд хумсалсан, хулгайлсан бүхэнд хариуцлага тооцсон бол нийгмийн сэтгэлзүй ч өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байлаа.
Өнөөдөр айлын бяцхан хүү шургаж унахад л буруутан нь төр болж байна. Төр түлхэж унагаагүй ч унах хөрс суурийг нь бэлдсэн учраас буруутан болж, ард түмэндээ чичлүүлж байна.
Монгол төрийн хариуцлагын механизм хангалттай ажилладаг, хулгайч нарыг хаацайлж хамгаалдаггүй байсан бол монголчууд өнөөдөр төр засгаа үзэн ядахгүй, харин ч хүндэтгэх байв. Угаас “Төрийн минь сүлдээ өршөө” хэмээн залбирч ирсэн ард түмэн.
Гэвч өнөөдрийн улстөрчид, төрийн алба энэ залбиралыг хүртэх эрхгүйгээр барахгүй ард түмнээрээ үзэн ядуулж, чулуу шидүүлэх хэмжээнд хүрч, дорджээ.
Улсын нийслэлийн гол цэгт байрласан саарал байшин хулгайчаар дүүрч, хулгайч хулгайчаа хамгаалсаар өнөөдрийн ядуу зүдүү, уур бухимдалтай, хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн Монголыг бий болгочихлоо.
Б.Хэрлэн