Номын баяр энэ сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
2024-05-16

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэн өнгөрүүлж буй 35 дахь удаагийн Номын баяр энэ сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Номын баяр нь нийслэлчүүдийн олноороо зорин очдог чухал арга хэмжээ төдийгүй гадны улс орны хэвлэн нийтлэгчид, зохиолч нар, хэвлэлийн агентлагуудын зорин ирдэг баяр болоод байна. Энэ жилийн номын баярын албан ёсны хөтөлбөр нь монгол, англи хэлээр явагдаж, синхрон орчуулгатайгаар зочдодоо хүрэхээр болсон нь уг баярын олон улсын ач холбогдол өсөн нэмэгдсэний тод илрэл болж байна.

 

 

Гучин тав дахь удаагийн номын баярт олон улсын нэр хүндтэй хоёр агентлагийн төлөөлөгчид “Номын соёлт ертөнц” ТББ-ын урилгаар хүрэлцэн ирж баярын үеэр Монголын хэвлэлийн компаниудтай биечлэн уулзах гэж байна. Andrew Nurenberg Associates болон Introtema компаниудын төлөөлөгчид манай байгууллагаас гаргасан Нөхөрлөлийн хөтөлбөрийн хүрээнд бүрэн тэтгэлэг аван хүрэлцэн ирсэн билээ. Манай нөхөрлөлийн хөтөлбөр бол олон улсын хэвлэлийн газрууд болон зуучлагч агентлагуудтай Монголын хэвлэн нийтлэгчдийг холбож, Монголын номын зах зээлийг дэлхий дахинд таниулах, гадаадын номын үзэсгэлэн яармагт оролцохгүйгээр номын зохиогчийн эрх авах, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

 

Мөн Казахстаны Steppe & World компанийн төлөөлөгчид олон төрлийн хүүхдийн номыг манай хэвлэлийн компаниудад санал болгохоор хүрэлцэн иржээ. Баярын өдрүүдэд “Номын соёлт ертөнц” ТББ-ын дэргэдэх Редактор клубийн төлөөлөлтэй уулзах, Оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө авах, түүнчлэн Номын дэлгүүрүүдтэй хамтран ажиллах, тухайлбал, Мажэстик номын дэлгүүр буюу Номингийн 70 салбарт номоо хэрхэн тавих талаар менежертэй нь уулзах зэрэг олон талт уулзалтын боломжоролцогчдын өмнө нээлттэй байна.

 

Баярын үеэр уламжлал ёсоор УИХ-ын даргын нэрэмжит “Номын сайн нөхөр” шагналыг гардуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит “Номын грант” олгох зэрэг ном унших соёлыг дэмжсэн шагнал урамшууллын хөтөлбөр, арга хэмжээ, урлагийн тоглолт, шинэ номуудын нээлт, “Амьтдын тухай 50 ном”-ын танилцуулга, хөгжөөнт тоглоом, флашмоб зэрэг залуусын санаачилсан сонирхолтой арга хэмжээнүүд болно.  

 

Номын баярыг “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар анх 2007 онд, ганц хэвлэн нийтлэгчтэй хамтран зохион байгуулж, анхны баярт ердөө 80 гаруй хүн зочилж байсан бол өнгөрсөн намрын Номын баярт гэхэд 236 мянга гаруй уншигч зорин ирсэн Үндэсний номын баяр болтлоо өргөжсөн юм.

 

Номын баярт оролцохоор зохиолч, орчуулагч, ном эрхлэн гаргагч, хэвлэн нийтлэгчид бүртгүүлсээр байна. Номын баярын үеэр уншигчдын гар дээр очих шинэ номуудын танилцуулга ч хэвлэл мэдээллийн сувгаар олонд хүрч эхэллээ. “Номын ертөнц” сэтгүүл уншигчдадаа хүрэхээр 5000 хувь хэвлэгдэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин