
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг өнөөдөр танилцууллаа. Нээлтийн танилцуулгыг Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны дарга Ч.Хашчулуун, ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат нар хийв.
Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах тулгуур хүчин зүйл болсон биотехнологи, мэдээллийн технологи зэрэг өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг түлхүү хөгжүүлэх шаардлагатай.
Ингэснээр хөдөө аж ахуйн түүхий эд, байгалийн баялагийн нөөц, боломжинд тулгуурласан эмийн болон биологийн идэвхит бодис, гадаадын өндөр технологийн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн сэлбэг эд, анги, програм хангамжийг үйлдвэрлэх, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий шинэ бүтээгдэхүүнийг бий болгож манай улсын эдийн засгийн өсөлтийг бодитой нэмэгдүүлэх бололцоотой гэдгийг энэ үеэр мэдээлсэн юм.
2010 оны байдлаар Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 83.22 хувь нь технологийн багтаамжгүй, 15.12 хувь нь нам технологит, 0.02 хувь нь өндөр технологит бүтээгдэхүүн тус тус эзэлсэн байна. Үүнээс үзэхэд манай улсын эдийн засаг уул уурхай, мал аж ахуйн түүхий эдийн нийлүүлэлт болон дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлтээс хараат, эмзэг тогтворгүй байдалтай байна.
Байгалийн баялаг, түүхий эдийн нөөц зэрэгт суурилан орчин үеийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлсэн дотоодын эрэлт хэрэгцээг хангаж чадах, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болгох, энэ чиглэлийн сургалт, судалгаа, технологи, санхүүгийн дэд бүтцийг цогцоор байгуулах ёстой.
Монгол улсад өндөр технологийн аж үйлдвэрийг дээрх зарчмаар хөгжүүлэхээр Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо болон бусад холбогдох төрийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар батлуулсан аж. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн технологийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг дэмжих эрх зүйн болон зохицуулалтын таатай орчин бүрдэж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын зохистой бүтцийг бий болгох аж.
Ингэснээр дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эзлэх өндөр технологийн аж үйлдвэрийн оролцоо, хувь хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн төрөлжилт бий болж, тогтвортой хөгжлийн тулгуур суурь тавигдах ач холбогдолтой гэдгийг албаныхан онцлов.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ