
Эгч дүүсийг зэрэмдэглэсэн жигшүүрт хэрэг үйлдэж шүүхээс 15 жилийн хорих ял сонссон ч өршөөлөөр суллагдсан П.Сумъяажав нь дахин гэмт хэрэг үйлджээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлээр буюу танхайн хэргээр шалгаж байгаа аж.
Тэрбээр Д.Бямбадоржын хамт шунахай сэдэлтээр 2009 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Д.Бямбадоржтой урьдчилан үгсэн тохиролцож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн О-гийн гэрээс эд зүйл дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж, 11 сая 400 мянган төгрөг, 100.000 төгрөгийн үнэтэй “Коника” маркийн гэрэл зургийн аппарат зэргийг дээрэмдэх явцдаа 5 настай Н-ийн хоолойг хэрчиж хөнөөхөд Д.Бямбадоржийг өдөөн түлхэж, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хоолойг нь хэрчиж амь насыг нь бүрэлгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож шалгагдаж байв.
Тэрбээр мөн 12 настай О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хоолойг нь хэрчсэн үйлдлээ ч шүүхийн өмнө хүлээсэн юм.
Д.Бямбадорж нь П.Сумъяажавтай урьдчилан үгсэн тохиролцож дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа П.Сумъяажавын ятгаж зааснаар 5 настайг Н-ийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хоолойг нь хэрчиж амийг нь хөнөөсөн байна. Түүнчлэн П.Сумъяажав 12 настай О-г алахыг завдахад дүүг нь алж учрах саадыг арилган гэмт хэрэгт хамтран оролцсон ч тогтоогдож байв.
Баянгол дүүргийн шүүх уг хэргийг өнгөрөгч 2010 оны аравдугаар сарын 15-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг хүний амь насыг хөнөөсөн, нэг хүний амь насыг хөнөөхийг завдсан гэм буруутай нь нотлогдсон хэмээн үзэж 15 жилийн хорих ял оногдуулсан юм.
Нийслэлийн шүүх уг хэргийг 2010 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт оногдуулсан 15 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1.5-д “Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн 18 насанд хүрээгүй ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу сулласан нь олон хүний бухимдлыг төрүүлж байв.
Одоогоор П.Сумъяажав нь танхайн хэрэгт холбогдон шалгагдаж буй бөгөөд эгч дүүсийг зэрэмдэглэн хөнөөсөн хэрэг нь ч уг хэргийг шалгах явцад хүндрүүлэх нөхцөл болох юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ