Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч зарим нутгаар шөнөдөө -50 хэм хүртэл хүйтэрч байгаа аж. Хүйтний эрч чангарах нь нийслэлийн төдийгүй орон нутгийн иргэдийн аж амьдралд ч шууд нөлөөлдөг гэмтэй. Иймд нийт нутгаар өвөлжилт хэр байгааг ОБЕГ-ын дэслэгч
Ч.
Туяагаас тодрууллаа.
-Хүйтний эрч сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Нийт нутгаар өвөлжилт хэр байна вэ?
-Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар -10 хэмээр нэмж хүйтрэн, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Туул голын хөндийгөөр өдөртөө 26-33 градус, шөнөдөө 41-50 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 4-13 градус, шөнөдөө 24-29 градус, бусад нутгаар өдөртөө 14-25 градус, шөнөдөө 30-40 градус хүйтэн байлаа. Энэ сарыг дуустал хүйтний эрч хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа.
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Завхан аймгийн Их-Уул, Нөмрөг, Сонгино, Тэс, Увс аймгийн Наранбулаг, Түргэн, Сагил, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 20-40 см зузаан цастай. Цаашид цас ихээр орж, цасан шуурга шуурвал Архангай аймгийн Хангай, Хашаат, Тариат, Чулуут, Баян-Өлгий аймгийн Булган, Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Завхан аймгийн Их-уул, Нөмрөг, Сонгино, Тэс, Өвөрхангай аймгийн Бүрд, Увс аймгийн Наранбулаг, Сагил, Түргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт зэрэг 7 аймгийн 16 суманд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.
-Иргэд алсын замд явахдаа анхаарал болгоомжгүйгээс олон асуудалтай тулгардаг. Энэ тал дээр анхааруулах зүйл байна уу?
-Зам, даваа хааагдсан тохиолдол төдийлөн гараагүй боловч хальтиргаа гулгаа ихтэй, ялангуяа хөдөө, орон нутагт цасаар шуурсан газруудаар хунгар ихтэй байгаа. Иймд тээврийн хэрэгслийн жолооч болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүйн ажиллагаа, шатахууны нөөц, дулаан хувцсаа сайн хангах талаар онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Мөн томоохон гол, мөрөн, нууранд харз, халиа, мөс нимгэрэх үзэгдэл гарч байгаа тул зам товчлон мал тууварлах, хүн, автомашин зорчих явцад мөс цөмөрч амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох аюултай байгааг анхаарах хэрэгтэй.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ