Хээрийн салхинаас бусдыг нуруун дээрээ гаргаж үзээгүй, тал нутгийн чимэг адуун сүргийн сүр жавхлан, цог золбоог цохилох зүрх, лугших цуснаасаа мэдэрч сэтгэлийн гүнээ бийрийн үзүүрт шингээж урладаг бүсгүй хүн ховор. Өсөж төрсөн өлгий нутаг нь хурдны ундарга Хан Хэнтий аймаг. Тэнгэрийн хүлэг, газрын домог босоо хээр азарганы эзэн Х.Сүрэнхор түүний өндөр авга ах нь. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат аймгийн алдарт уяач Лувсанбалдан бол түүний эцэг. Мэдээ орсон цагаасаа молор эрдэнийн сайхныг мэдэрч хожим өнгө будаг алаглуулан бодит мэт дүрслэх болсон түүнийг Л.Баярцэцэг гэдэг. Харин одоо тэрээр алган дээр тавьсан мэт илхэн хөрөг зурах болжээ. Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр нь түүнийг бүтээсэн гэж болно. Хүүхэд байхын зурах дуртай байсан тэрээр “Од” дүрслэх урлаг, дизайн технологийн сургуульд хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн орж, уран зургийн гайхам сайхныг мэдэрч, цаашлаад амьдралын хань, алтан хамтрагчаа олжээ. Л.Баярцэцэгийн зурсан бүтээлийг одоо харсан хэн ч дүрслэх урлагийн сургуулиа төгсөхдөө морь зурж чаддаггүй байсан гэсэн үгэнд нь итгэхгүй байх. Сургуулиа төгссөн шинэхэн уран бүтээлч амьдралд хөл тавихад тийм ч амар байсангүй. Дүүгийнхээ бэлэглэсэн дэвтэр дээр түүшээр морины таталбар татаж, түүндээ дурлаж, мориор дагнасан уран бүтээл хийх болжээ. Төрийн наадмын торгон дэвжээнд тоосоо өргөсөн хурдан буянаас эхлээд гэрийнхээ гадаах зэлтэй унагыг, цагаан цаас үлдээлгүй зурсаар олон жилийг үдсэн гэнэ. Харин зургаан жилийн өмнө ОХУ-аар аялж, уран зургийн галерей сонирхож явахдаа хөрөг зурагт татагджээ. Хэдийгээр мэргэжлийн уран бүтээлч ч гэлээ шинэ төрлөөр зурж эхлэхэд цаг хугацаа, хичээл зүтгэл нэлээдгүй орсон гэнэ. Өөрийн уран сэтгэмж, оюун санаагаа зориулан урласан зургийг нь сайшаан магтааж, хүндэлж, худалдан авах мэдрэмж хамгийн сайхан гэв. Хөрөг зурах зам руу ороход урам зориг, итгэл найдвар өгсөн анхны захиалгадаа үргэлж талархдаг. Мөн “Hu” хамтлаг болон Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа нарыг “Чингис хаан” одон хүртсэн дараа нь зурах боломж тохиосон нь түүний бахархууштай үеийнх нь нэг ажээ.
"Талархах тусам сайн сайхан зүйл биелээд байх шиг санагддаг"
Тэрээр “Хөрөг зураачийн хувьд царай муутай гэж хүн байдаггүй. Хүн болгонд өөрийн гэсэн бусдаас ялгарах онцлог, өвөрмөц зүйл бий. Тэр л донж, хэв маягийг олж зурахыг хичээдэг. Царайнд нь тодрох үрчлээ бүр нь гоо сайхан болж харагддаг. Түүнд нь л би дурласан” гэж ярих түүний “Талархал” бие даасан анхны үзэсгэлэн энэ оны есдүгээр сарын 14-нд нээлтээ хийгээд байна. Үзэсгэлэнгээ яагаад “Талархал” гэж нэрийдсэн тухайд “Гурван жилийн өмнөөс “Өглөөний гайхамшиг” гэсэн группт нэгдсэн юм. Тэнд орсон дараагаас амьдралдаа хийж үзээгүй байсан гайхалтай зүйлстэй учирч маш сайхан дадал сууж эхэлсэн. Эрүүл зөв хооллохоос эхлээд шинэ хэл сурах, дасгал хөдөлгөөн иог хийх. Тэр бүхнээс хамгийн шинэлэг бөгөөд онцгой нэг зүйл нь талархал илэрхийлэх байсан. Эргэн тойрны хүмүүсээсээ гадна өөрийнхөө одоо байгаад сэтгэл хангалуун байж, хийж бүтээсэн бүхэндээ талархаж сурсан. Ингэснээр тайвшрал, амар амгалан олж, амьдралыг илүү гэгээлэг харах болсон. Талархах тусам сайн сайхан зүйл биелээд байх шиг санагддаг. 2024 оны зорилгын дэвтрийнхээ хамгийн эхэнд бичсэн мөрөөдөл маань биелээд зогсож буйд баяртай байна. Өмнө нь хамтарсан үзэсгэлэнгүүдэд сэтгэл амар оролцдог байсан би бие даасан гэж бодоод ирэхээр бодолдоо бараг ядарчихсан байсан. Зургийг маань худалдан авч урам зориг хайрладаг хүмүүс, бяцхан охин байхаас минь дэмжсэн ижий аав, гэр бүлийнхнийхээ сэтгэлийн дэмээр, амжилттай ард нь гарлаа. Үзэсгэлэн гаргах гэж байгаа гэхээр өөрийгөө яаж шинээр харуулах уу, ямар шинэ бүтээл туурвих уу гэж их бодсон. Гэвч намайг илэрхийлэх, хамгийн сайн чаддаг тэр зүйлийг толилуулах нь зүйтэй юм байна гэдгийг ойлгосон” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин