Үндэсний зөвлөлийн гишүүдийн асуудлыг ойрын үед шийднэ

img

Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл байхаар заасан байдаг. Үндэсний зөвлөл  нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны  бус  байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байх бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна. Үндэсний зөвлөлийн гишүүнд төрийн улс төрийн  болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын  удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж  байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд, бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээдийг нэр дэвшүүлэх ёсгүй.   Үндэсний зөвлөлийн гишүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн хүн, Монгол  Улсын Их Хурал долоон хүн, Монгол Улсын Засгийн газар дөрвөн хүний нэр дэвшүүлэхээр уг хуульд заажээ. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид, эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд,  эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгодог.   Дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Yндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэг хуультай. Нэр дэвшсэн хүмүүсийг Улсын Их Хурал хэлэлцэж Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилно. Хэрэв нэр дэвшсэн хүнийг Улсын Их Хурал Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилоогүй бол нэр дэвшүүлсэн байгууллага, албан тушаалтан өөр хүний нэр дэвшүүлдэг. Үндэсний зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд түүнийг Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх журамтай. Одоо Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа хүмүүсээс 8-ынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа юм. Тиймээс хуулийн дагуу Ерөнхийлөгч 2, УИХ 4, Засгийн газар 2 хүний нэрийг дэвшүүлэх юм байна. Энэ дагуу холбогдох төрийн бус байгууллагууд саналаа ирүүлж байгаа аж. Энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ