Хээрийн цасны нэгдүгээр сарын сүүлчийн арав хоногийн хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байгаа юм. Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын өнөөгийн байдлыг үнэлэхэд 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу нөхцөлд оржээ.
Зудын эрсдэлийг 2025 оны нэгдүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гарав.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй байхаар байна. 2024 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан бол бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна.
Уншиж байна |