АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ОГЦОМ УНАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын татвар ногдуулах шийдвэр дэлхийн худалдааны дайн дэгдэх эрсдлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалт хийхээс татгалзахад хүргэсэн. Энэ асуудлаас үүдэн даваа гарагийн өглөө Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэлж байна.
Японы хөрөнгийн биржийн индексүүд хамгийн их уналт үзүүлж, бүс нутгийн зах зээлийн дунд голч хандлагыг тодорхойлсон байна. Тухайлбал, Nikkei 225 индекс 6.40 хувиар унаж, сүүлийн 18 сарын доод түвшинд хүрсэн бол Topix индекс 6.62 хувиар буурчээ. Мөн БНСУ-ын Kospi индекс 5.01 хувиар, Kosdaq индекс 4.37 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Австралийн S&P/ASX 200 индексийн ханш 5.34 хувиар буурч, мөн адил сүүлийн 18 сарын доод хэмжээнд хүрээд байна. Энэ нь хоёрдугаар сард тогтоосон дээд түвшнээс даруй 11 хувиар доошилсон үзүүлэлт юм. Харин Хонконгийн Hang Seng индексийн фьючерс хэлцлийн үнэ 22,772 нэгжид хүрсэн нь өмнөх хаалтын 22,849.81 нэгжтэй харьцуулахад багахан хэмжээгээр буурсан байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа бусад улс орнуудтай татварын хувь хэмжээг бууруулах хэлэлцээ хийж магадгүй гэх хөрөнгө оруулагчдын итгэл найдвар талаар болж байна. Энэ нь АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерс хэлцлийн үнэд ч сөргөөр нөлөөлжээ. Үүнтэй зэрэгцэн ням гарагт WTI маркийн газрын тосны үнэ 60 ам.долларын босгыг доошилж, фьючерс хэлцлийн үнэ нь 3 гаруй хувиар буурч, 59.74 ам.доллар болсон байна. Энэ нь 2021 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшин болжээ. АНУ-ын эдийн засгийн бодлого хариуцсан өндөр албан тушаалтнууд инфляц болон эдийн засгийн хямралтай холбоотой болгоомжлолыг үл харгалзан тарифын бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм. Харин өнгөрсөн баасан гарагт БНХАУ АНУ-ын зарим бараанд шинэ татвар ногдуулах шийдвэр гаргаснаар дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий хоёр орны дунд хурцадмал байдал үүсч, дэлхийн худалдааны дайн эхлэх бодит аюул нүүрлэж болзошгүй гэсэн хүлээлт бий болж, хөрөнгийн биржүүд бужигнаж хувьцаануудын ханш огцом унажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ