УИХ: Б.Жаргалсайханыг дахин томилох эсэхийг шийднэ

УИХ дахь намын бүлгүүд, ХЗБХ-оор хэлэлцэж дэмжсэн Улсын ерөнхий прокурорыг улираан томилох асуудлыг Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэнэ.
Өчигдөр /2025.04.09/ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн.
Прокурорын тухай хуулиас...
46.1.Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.
46.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ.
Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.
Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт Хэсгийн прокурор, Хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан байна.
2017 оноос Улсын Ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ