В.КЛИЧКО "УКРАИНЫ ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ ГАЗАР НУТГАА ӨГЧ МАГАДГҮЙ"

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд энхийн гэрээ байгуулах асуудлаар шахал үзүүлж буй. Үүний зэрэгцээ ОХУ-ын Украинд өгөх цохилт нэмэгдэж лхагва гарагт Киев хотыг онилсон том цохилт хийсэн байдаг. ОХУ-ын пуужингийн довтолгооны улмаас 12 хүн амиа алдаж 90 гаруй иргэн шархадсан юм.
Украинд ирэх шахалт нэмэгдэж байгаа энэ цаг үед Киев хотын дарга В.Кличко ВВС-д ярилцлага өгсөн бөгөөд “Украин улс газар нутгаа өгөхөөс өөр аргагүйд хүрч магадгүй тухай онцолжээ. Киев хотын дарга В.Кличко, “Хэдийгээр газар нутгаа ОХУ-д өгөх нь шударга бус ч энх тайван тогтоохын тулд ийм шийдвэр гаргаж магадгүй. Энэ бол нэг хувилбар ч Оросын түрэмгийллийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэжээ.
BBC агентлаг В.Кличкогоос газар нутгийн тохиролцооны асуудлаар Ерөнхийлөгч В.Зеленскийтэй хэлэлцэж тохиролцсон эсэхийг асуухад тэрээр “үгүй” гэж хариулжээ.
Киев хотын дарга В.Кличко, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар улс төрийн өрсөлдөгчид гэгддэг. Өдгөө 53 настай боксын аварга асан В.Кличкогийн хувьд В.Зеленскийн эрх мэдлийг сулруулах оролдлого удаа дараа хийсэн гэж буруутгагдаж байсан юм.
ОХУ-ын хувьд 2022 онд Украинд түрэмгийлсэнээс хойш нийт газар нутгийн 20 орчим хувьд нь хяналтаа тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ