Гамшгийн үеийн дарга нарын ''зугаа''

Ойрын өдрүүдэд ой, хээрийн гал түймэр энд тэнд гарч, хүн хүч, техник хэрэгсэл муу онцгой байдлын гал сөнөөгчид зогсоо зайгүй ажиллаад хүч хүрэхгүй байна. Богдхан уулын түймрийн мэдээллийг нийгмийн сүлжээнд оруулсан даруйд жирийн иргэд чадах ядахаараа очиж гал унтраалцахаар туслав. Энэ баатарлаг үйлс залуусыг огшоож, Богдхан уулын түймрийг унтраалцах залуусын цуваа түймрийг цурманд оруулж чадсан. Машиндаа цэвэр ус ачаад ирсэн залуугийн зураг нийгмийн сүлжээнд нийтлэгдэж хүн бүр эдгээр залуусд алга ташив. Харин Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы нисдэг тэргэн дэх ‘’худлаа’’чухал царай иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Гар мухар онцгойгийнхон иргэдтэйгээ улаан галанд амь дүйж байхад шадар сайд нөхцөл байдлыг тодорхойлохоор нисдэг тэргэнд ажиллаж байсан гэх.
Тэгээд ч болоогүй Засгийн газраас зохион байгуулж буй хойд бүсийн чуулга уулзалтад онцгойгийн нисдэг тэргээр сайд, дарга нарыг зөөсөн асуудал сөхөгдөв.
Булган руу хөл дүүжилсэн нисдэг тэргээрээ С.Амарсайхан өчигдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, өөр дээр нь ирсэн нийтийн галыг унтраах биш бүр өрдөв...Т.Баярхүү ч шууд удирдлагаа ил цагаан өмөөрч, дарга нарыг нисдэг тэргээр Булган руу зөөсөн асуудлыг мэдэхгүй, тодруулъя гээд алга болсон...
Онцгой байдал зарласан, гамшиг дагуулсан нөхцөл байдалд төрийн бодлого, шийдвэр, хариуцлага ямар чухал вэ гэдгийг бид өдөр бүр харж байна. Гэтэл ийм эгзэгтэй цаг үед ард түмний татварын мөнгөөр ашиглагддаг, амь нас аврах зориулалттай онцгой байдлын нисдэг тэргийг сайд, дарга нар хувийн зорилгоор ашигласан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн энэхүү үйлдэл нь зөвхөн ёс зүйн хувьд төдийгүй хууль, журмын хүрээнд ч зөрчилтэй. Хүндрэлтэй нөхцөлд тэдэнд хүрэх ёстой техник хэрэгслийг дарга нарын аялалд зориулан “сул” гаргасан нь төрийн үйлчилгээ, ард иргэдийн итгэлд цохилт өгч буй. Харамсалтай нь, энэ бол ганц удаагийн тохиолдол биш. Төрийн дээд албан тушаалтнуудын эрх мэдэл, албан тушаалаа ашиглан олон нийтийн өмч, хүч хэрэгслийг хувьдаа ашигладаг хуучин сэтгэлгээ, хариуцлагагүй байдал дахин дахин давтагдсаар байна. Дарга нарын ямба зөвхөн шүүмжлэл дагуулаад зогсох ёсгүй. Нисдэг тэргээр хойд бүсийн чуулганд очсон сайд, дарга нар огцрох учиртай. Төр бол ард түмний төлөөлөл. Харин тэдний өмнөөс ажиллана гэж тангараг өргөсөн албан тушаалтан өөрийнхөө тав тухыг иргэдийн аюулгүй байдлаас дээгүүр тавьсан нь ардчилсан нийгмийн үнэт зүйлийг гишгэлж буй хэрэг биш гэж үү?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ