П.Батчулуун эмчид холбогдох гомдлыг хэлэлцэнэ

img

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өнөөдөр /2025.05.02/ П.Батчулууны өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлыг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр товложээ.

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дөрөвдүгээр сарын 17-нд "Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж бий. Хорих байгууллагын эмнэлгийн комисс хуралдаж, уг жагсаалтад хамаарах өвчтэй хүн байна гэж үзвэл ялаас чөлөөлөх саналыг гаргадаг. Энэ саналыг прокурорын байгууллагад хүргүүлдэг. Улмаар прокурорын байгууллага шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шүүхэд ханддаг.

П.Батчулуун эмчийн өвчин уг жагсаалтад багтсан тул ШШГЕГ-аас түүнийг ялаас чөлөөлөх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд одоогоор уг санал прокурорын шатанд хянагдаж байна.

Прокурор дүгнэлтээ гаргасны дараа шүүх шинжилгээний байгууллагад хандаж, албан ёсны дүгнэлт гаргуулна. Үүний дараа шүүх эцсийн шийдвэрээ гаргах бөгөөд энэхүү асуудал ойролцоогоор 30 хоногийн дотор шийдэгдэх болов уу гэж үзэж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ