ТУРКИЙН ЖАГСААЛЫН ҮЕЭР 382 ХҮН БАРИВЧЛАГДЖЭЭ

img

 

5 дугаар сарын 1 буюу олон улсын хөдөлмөрчдийн өдрөөр Истанбул хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Уг жагсаалыг эрх баригчид хүчээр тарааж, нийт 382 хүнийг баривчилжээ. Цагдаагийн байгууллагаас 50,000 орчим алба хаагчдын хотод тараан байршуулж, Таксимиин талбайд хүрэх бүх замыг хаасан байна.

Таксимийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулахыг 2013 оноос хойш хориглож ирсэн бөгөөд 2025 он гарсаар жагсаал цуглаан идэвхжих хандлагатай байгаа тул эрх баригчид жагсаал гарахаас урьдчилан сэргийлж хатуу хориг тавиад байгаа аж. Жагсаалын үеэр Истанбул хотын төв хэсгээр цагдаа нар хамгаалалтад гарч, төмөр хаалтууд босгосон бөгөөд нийтийн тээврүүдийг зогсоож шалгаж байна. Цагдаа нар жагсагчдыг хүч хэрэглэн тарааж, гэмгүй хүмүүсийг баривчилж байгаа нь олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгүүдээр нотлогдож байна.

Хүний эрхийн байгууллага “Amnesty International” жагсаалын хоригийг үндэслэлгүй гэж үзэн Туркийн эрх баригчдыг тайван жагсаалд хүндэтгэлтэй хандахыг уриалсан байна.

Энэ үйл явдал нь гуравдугаар сард сөрөг хүчний Истанбулын мэр Экрем Имамоглу баривчлагдсаны дараах улс төрийн хурцадмал байдлын үргэлжлэл хэмээн ажиглагчид үзэж байна. Имамоглу 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч гэж тооцогдож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ