“ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ” ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааны журам, 2 дугаар хавсралтаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг тус тус баталсан.
Татах холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17431042700142&showType=1
Энэхүү журам батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газрын зориулалт өөрчлөх гэх мэт 24 төрлийн үйлчилгээг Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу цахимаар, түргэн шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн юм.
Үүнд:
Иргэн, хуулийн этгээд нь газартай холбоотой 24 төрлийн хүсэлтийг газрын цахим систем /www.egazar.gov.mn/, гар утасны аппликейшн, газрын харилцааны үйлчилгээний цахим машин /КИОСК/, цахим үйлчилгээний нэгдсэн портал систем /e-mongolia/-ээр дамжуулан гаргах боломжтой болов;
Өргөдлийн төрлөөс хамааруулан ажлын 5-15 хоногт багтаан Эрх бүхий этгээд газартай холбоотой хүсэлтийг шийдвэрлэхээр зохицуулсан;
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох дэс дараалсан үйл ажиллагааг цахимжуулж, хуульд заагаагүй буюу хурлаар хэлэлцэх гэсэн үйл ажиллагааг зохион байгуулахгүйгээр журамлан, хүсэлтийг газрын албаны мэргэжилтэн шууд шийдвэрлэх боломжтой болов;
Төрийн байгууллага өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцэд байгаа мэдээлэл болох иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, кадастрын зураг зэрэг баримт бичгийг хүсэлт гаргагчаас шаардахгүй болов;
Газар эзэмших эрхийн гэрчилгээний барьцааны бүртгэл, сервитутын бүртгэлийг ажлын 1 хоногийн дотор хийх боломжтой болсон;
Газартай холбоотой хүсэлт шийдвэрлэлтийн үе шатны мэдээлэл, болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрээний хугацааны мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цахим системээр тухай бүр мэдэгдэх боломжтой болов;
Газар ашиглалтын зориулалт өөрчлөх асуудлыг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн шийдвэрлэх гэх мэт боломжууд бүрдээд байна.
Тус журмыг газрын албаны үйл ажиллагаанд хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлага, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ