Элчин сайд Буанган АмЧамын Вашингтон хотод хийх DoorKnock айлчлалд хамтран оролцоно

img

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын Америкийн Нэгдсэн Улсад 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд хийх DoorKnock айлчлалд нэгдэхээр боллоо.
2025 оны DoorKnock айлчлал нь АНУ талын оролцогчид болон бодлого боловсруулагчидтай хамтран АНУ-Монголын худалдааны харилцааг улам эрчимжүүлэх боломжийг АмЧам болон Элчин сайд Буанганд олгох юм. АмЧамын айлчлалын бүрэлдэхүүн АНУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай Вашингтон хотод уулзсанаар Ерөнхийлөгч Трампын Засаг захиргааны “Америк Нэгт” гадаад бодлогын талаар илүү сайн ойлголттой болно. Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам нь өсөн нэмэгдэж буй АНУ-Монголын эдийн засгийн харилцаанд түлхэц болох хувийн хэвшилд суурилсан боломжуудыг бий болгох болон Монгол Улс дахь АНУ-ын бизнесүүдийн зах зээлийн боломжийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
2014 оноос хойш жил болгон зохион байгуулагдсан АмЧам DoorKnock айлчлал нь АНУ болон Монголын бизнес эрхлэгчдэд Вашингтон дахь бодлого боловсруулагчидтай уулзах, Монгол орныг сурталчлахын сацуу АНУ-ын экспортлогчид, хөрөнгө оруулагчид, Засаг захиргаа болон хууль боловсруулагчидтай хэрхэн хамтран ажиллах талаар суралцах зэрэгт чиглэсэн боломжуудыг олгодог. АНУ-ын Монгол Улс дахь бүх талын ашиг сонирхлыг төлөөлөхүйц баг 2025 оны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан бөгөөд тэд АНУ-ын Худалдааны танхим болон Ерөнхийлөгч Трампын Засаг захиргааны өндөр албан тушаалтнууд, мөн Конгрессийн гишүүдтэй уулзахаар төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ