Шон Дидди Комбсын шүүх хурал эхлэв

img

 

АНУ-ын нэрт реппер, хөгжмийн бизнесийн магнат Шон “Дидди” Комбсын эсрэг эрүүгийн шүүх хурал албан ёсоор эхэллээ. Түүнийг хар тамхи наймаалах бүлэглэл байгуулсан, бэлгийн мөлжлөг үйлдсэн, биеэ үнэлэлт зохион байгуулсан, бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгаж буй.

Хэрэв Дидди Комбс гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ял шийтгүүлэх төлөвтэй байна. Дидди Комбс одоогоор бүх хэргийг үгүйсгэж, түүний эсрэг гарсан иргэний нэхэмжлэлүүдийг амар хялбараар мөнгө олох гэсэн “ашиг хонжоо хайсан хүмүүсийн оролдлого” хэмээн тайлбарлаад байна.

Гэвч өмгөөлөгчдийн мэдээлснээр 100 гаруй хүн түүнийг хүчирхийлэл, дарамт, мансууруулах бодис ашигласан үйлдэлд буруутгаж, шүүхэд хандсан байна.

Холбооны мөрдөгчид Лос Анжелес дахь түүний харшид нэгжлэг хийхдээ  секс үдэшлэгт хэрэглэгддэг хар тамхи, 1000 гаруй шил "Baby oil" зэрэг эд зүйлс илрүүлсэн талаар мэдээлжээ.

1990-ээд оны хип хоп ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн Шон Комбс нь Bad Boy Records лэйблийг үүсгэн байгуулж, Мэри Жей Блайж, The Notorious B.I.G, Женнифер Лопес зэрэг алдартнуудын карьерийг эхлүүлсэн юм. Тэрээр хамгийн сүүлд 2023 онд “The Love Album: Off The Grid” цомгоо гаргаж, Грэммид бие даан нэр дэвшиж байв.

Цаашид уг хэрэг хэрхэн шийдэгдэх нь зөвхөн хөгжмийн ертөнц төдийгүй, олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ