Хадгаламжийн даатгалын корпорац түрээсийн төлбөрөө Монгол банкны Ерөнхийлөгчийн дүүд төлдөг үү...?

Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал асан өнөөгийн Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2016 оны наймдугаар сард Гэрээ шууд байгуулах тухай тушаал гаргаж, өөрийн дүү Б.Лхагвадоржийн эзэмшлийн “Сүмт-Өргөө” ХХК-ийн “Санроуд” барилгад талбай түрээслэн Хадгаламжийн даатгалын корпорацыг байрлуулсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан.
Нэг ам метрийг нь тухайн үед 30 мянгаар тооцон, сар тутамд 21.4 сая төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулжээ. Түүнээс хойш өдгөөг хүртэл Хадгаламжийн даатгалын корпорац "Сүмт-Өргөө” ХХК- д түрээс төлсөөр байгаа аж. Төрийн байгууллага хувийн хэвшлээс шаардлагатай ажил үйлчилгээг үнэ тохиролцон худалдан авах түрээслэх нь хуулиар нээлттэй. Дээрх гэрээгээр тохирсон 1 кв.м ийн үнэ ч зах зээлийн дундаж ханш байх магадлалтай. Гэсэн хэдий ч төрийн албан тушаалтан төрсөн дүүдээ илт давуу байдал олгон шууд гэрээгээр татвар төлөгчдийн мөнгөөр ажил үйлчилгээ худалдан авсан нь ашиг сонирхолын зөрчлийн сонгодог жишээ. Удирдах албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдлээ ашиглан, Монгол улсын иргэн бүр тэгш эдлэх эрхтэй бизнес эрхлэх, ашиг орлого олох боломжийг хаан, зөвхөн өөрсдөдөө болон хамаарлынхаа хүрээнд давуу тал олгон, хулгай хийж байгаа нь монголчуудыг баян ядуугийн туйлд хуваан, төрдөө итгэх итгэлийг үгүй хийж байна.
Дарга нарын энэ үйлдэлд хяналт тавьж, шалгах, таслан зогсоох үүрэгтэй байгууллагууд хариуцлага тооцдоггүйг Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал байхдаа илт ашиг сонирхолын зөрчил гаргасан Б.Лхагвасүрэн дэвшин Монгол банкны Ерөнхийлөгч болж өдгөө ч албаа хашсаар байгаа нь гэрчилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ