Израил Газын зурвасыг эзэлж Палестинчуудыг нүүлгэн шилжүүлнэ

img

Израилын үндэсний аюулгүй байдлын зөвлөл  Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааг өргөтгөх, хүмүүнлэгийн тусламж хүргэх шинэ зохицуулалт хийхээ мэдэгдлээ. Энэ нь Израилын арми нөөц хүчээ дайчилж Газын зурвасыг бүрэн эзлэхээ мэдэгдэж буй хэрэг юм. 

Ингэхдээ Газын зурвас дахь Палестинчуудыг  Газын өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлэхээр болжээ. 

Израил улс өнгөрсөн 3-р сарын дундуур  Газын зурваст дараалсан агаарын цохилтууд өгч, хоёр сар үргэлжилсэн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн байдаг. Энэ хугацаанд Газын зурваст 2,400 гаруй Палестин иргэн амь үрэгдээд байна. Харин 2023 оны 10-р сард Израилын арми ХАМАС бүлэглэлийн халдлагын хариуд ХАМАС-ыг бүрэн устгах ажиллагаа зарласанаас хойш Газын зурваст 52,000 гаруй хүн амиа алдаад байна гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Одоогоор Израилын цэргүүд Газын зурваст нэвтрэх  хүмүүнлэгийн бүх тусламжийг хориглосноос хойш есөн долоо хоног өнгөрөөд байна.

Израилын эрх баригчид, ХАМАС-ын барьцаанд буй иргэдийг суллах шахалт үзүүлэхийн тулд хүмүүнлэгийн тусламжийг хаасан гэжээ. 

Гэвч олон улсын байгууллагууд энэ хоригийг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл бөгөөд өлсгөлөнг зэвсэг болгон ашиглаж буй дайны гэмт хэрэг гэж үзэж байна. 

АНУ болон Израилын тал Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхдээ ХАМАС-ыг тойрон гарах тусгай зохицуулалтын талаар хэлэлцэж байгааг Кан 11 телевиз мэдээлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ