Хуурамч дипломтой дарга төрийн албанд ажиллаж байна уу?

Өнгөрсөн онд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын салбарт хуурамч дипломоор ажиллаж буй цөөнгүй иргэдийг илрүүлэн, хуулийн дагуу хариуцлага тооцсон. Гэсэн ч төрийн албанд хуурамч дипломтой хүмүүс ажилласаар байгаа нь анхаарал татаж байна.
Тухайлбал, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг (ШУТИС) 2008 онд цахилгааны инженер мэргэжлээр төгссөн гэх D200828037 дугаар бүхий дипломыг ажилд орохдоо хавсаргасан байна. Гэвч энэхүү диплом нь хуурамч болох нь тогтоогджээ.
ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяагийн Замын хөгжлийн газарт хүргүүлсэн албан бичигт дурдсанаар, уг дугаарын диплом нь үнэн хэрэгтээ тус сургуульд гидрогеологи мэргэжлээр төгссөн Т.Өрнөх хэмээх өөр хүний диплом болох нь нотлогдсон байна.
Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн захиргааны албан тушаалд ажиллах этгээд нь дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх шаардлагатай. Тэгвэл хуурамч дипломоор төрд ажиллах нь ямар хариуцлага дагуулах вэ?
Хуурамч дипломтой нь эрх бүхий байгууллагуудаар тогтоогдсон тохиолдолд тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардах эрх үүсдэг. Хэрэв энэ шаардлагыг үл биелүүлбэл, түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан ч мөн адил хууль зөрчсөнд тооцогдож, хуулийн хариуцлага хүлээлгэх заалттай. Мөн төрд учирсан хохирлыг тухайлбал, хуурамч дипломтой этгээдэд олгосон цалин, урамшууллын зардлыг нөхөн төлүүлэх зохицуулалт ч хуульд бий гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ