БОУАӨЯ-ны дэргэд НОГООН ДЭЛХИЙ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ХОРОО байгуулагдлаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх НОГООН ДЭЛХИЙ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО байгуулагдлаа.
Тодруулбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улсын нэгдэн орсон “Үйлдвэрчний эвлэлийн эрх чөлөө ба эвлэл байгуулах эрхийг хамгаалах тухай” 87 дугаар конвенци, “Эвлэл байгуулах эрх ба хамтын хэлэлцээрийн тухай” 98 дугаар конвенциуд болон Монгол Улсын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн дагуу албан хаагчид бид хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах, сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах эрхийг хангах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх “Ногоон дэлхий үйлдвэрчний эвлэлийн хороо”-г байгуулсан байна.
Өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсан талаарх мэдээллээ Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасанд танилцууллаа. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн даргын зүгээс "Та бүхний шинэ санал санаачилгад талархал илэрхийлье. Төрийн байгууллага үйлдвэрчний эвлэлтэй байна гэдэг сайн жижиг. Удирдлагын зүгээс бүхий л боломжоороо дэмжиж ажиллана. Хөдөлмөрийн хуулийн дагуу салбарт жишиг болох хэмжээнд ажиллах хэрэгтэй. Албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулж, Үйлдвэрчний эвлэлийн үр шимийг салбараараа хүртэх хэмжээнд ажиллах шаардлагатай. Хуулийн дагуу бид та бүхэнтэй Хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Ил тод нээлттэй ажиллаарай" гэлээ.
Тус Үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ