Ф.МЕРЦ КАНЦЛЕРААР ТОМИЛОГДОВ

img

Германы Бундестаг буюу парламент консерватив эвслийн удирдагч Фридрих Мерцийг хоёр дахь санал хураалтаар тус улсын шинэ Канцлераар сонголоо. Санал хураалтын дүнд Ф.Мерц 325 гишүүний дэмжлэгийг авч, Канцлераар томилогдох шаардлагатай 316 саналын босгыг давсан байна. Нийт 289 депутат түүнийг эсэргүүцсэн санал өгч, нэг нь түдгэлзсэн бол гурван санал хүчингүйд тооцогджээ.

Баруун төвийн үзэл баримтлалтай Христийн Ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо (ХАХ/ХНХ) эвсэл болон зүүн төвийн Социал Демократ нам (СДН) нийлээд Бундестагт 328 суудалтай. “Frankfurter Allgemeine”, “Bild” сонинууд мягмар гарагт дахин санал хураалт болохгүй гэж мэдээлсэн ч ХАХ/ХНХ, СДН, Ногоон нам болон зүүний намууд зөвшилцөж, дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэжээ. Санал хураалтын дараа Ф.Мерц Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзаж, Ерөнхийлөгч түүнийг албан ёсоор Канцлераар томилсон байна. Одоо тэрбээр эхлээд тангараг өргөх бөгөөд дараа нь шинэ засгийн газрын сайд нар тангараг өргөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ