ХИЙН ХООЛОЙ МОНГОЛЫГ ТОЙРОХ УУ, ДАЙРАХ УУ?...

img

 

 “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолой Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх эсэх нь олон улсын анхаарлын төвд байгаа. Монголын газар нутгийг тэг дундуур нь хувааж, үндэсний аюулгүй байдлыг үүрд хөндөх эрсдэл ашгүй холуур тойрч мэдэхээр байна. Тавдугаар сарын 9-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын улаан талбайд уламжлал ёсоор “ялалтын парад” болно. Эх орны дайны 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй 29 орны удирдагчид уригдан оролцож буй. Ши Жиньпины ОХУ-д хийж буй айлчлал 4 хоног үргэлжилнэ.

Баярын парадын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ши Жиньпин нар Сибирын хүч-2 хийн хоолойн асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх мэдээлэл олон улсын хэвлэлээр гарч эхэллээ. Монголын нутгаар дайран өнгөрөхөөр ТЭЗҮ хийгдсэн хийн хоолойг БНХАУ-ын тал үл зөвшөөрч, гацаанд оруулаад байгаа.

Харин энэ удаад БНХАУ-ын тал ОХУ-ын геополитикийн зэвсэгт  “хаалт”  болох шинэ болзолууд тавьж мэдэхээр байна. Тухайлбал хийн хоолойг Казахстанаар дамжуулах хувилбар ч яригдаж магадгүй гэж шинжээчид харж байна. Хэрэв БНХАУ-ын тал тавьж буй болзол хэрэгжвэл Сибирийн хүч-2 хийн хоолойн төслийн хувь заяа нэгэмөсөн эргэх юм.

Учир юу гэвээс...? БНХАУ-ын эрхбаригчдад хэдийн эргэлзээд эхэлсэн. Тодруулбал, тус улсад дотоодын байгалийн хийн хэрэглээ нэмэгдэж байгаа ч өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ дотооддоо хангах зорилт тавиад байгаа. Мөн Төв Азийн орнуудаас авах шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-ийн импортоо нэмэгдүүлж, нөөцөө хангалттай бүрдүүлж эхэлсэн. Энэ тохиолдолд ОХУ-аас импортлох хийг  Монголын нутгаар заавал дамжуулах шаардлага бий юу гэх асуулт үүссэн нь дамжиггүй.

Хамгийн чухал нь... БНХАУ-ын эрхбаригчдын болгоомжлох далд зовинол нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал. Мэдээж хоёр их гүрний дунд жийргэвч болсон Монгол улсын оршин тогнох гол тулгуур нь ОХУ-ын ч БНХАУ-ын ашиг сонирхлын зөрчил. Хэн хэн нь жийргэвч бүсдээ ашиг сонирхлын давамгайлал үүсэх нөхцдлийг үл зөвшөөрөх нөхцөл.  Энэ эсэргэцэл дунд тэнцвэрээ хэрхэн хадгалахаас л Монгол улсын цаашдын хувь заяа шалтгаалах нь нууц биш.

Харин ОХУ-ын хувьд Сибирийн хүч-2 төслийг аль болох хурдан явуулах сонирхолтой. Барууны хоригт буй тус улсын хувьд Азид хийх экспортын зардлаа Монголоор дайруулах хэмнэх  стратегийн ач холбогдолтой.  Үүнээс Монголын хувьд транзит орлого олох, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох эдийн засгийн том боломж харах хэсэг бүлэг этгээд байгаа ч аюулгүй байдлаас илүү мөнгө гэж ч юу байхав...

Ирэх өдрүүдэд “Сибирийн хүч-2” хийн хоолой Монголыг тойрох уу, эсвэл дамжин өнгөрөх үү? ер нь хаашаа эргэх вэ? гэх чухал асуудал хөндөгдөх нь. Олон улсын мэдээнд анхаарал хандуулж, чих тавин чагнацгаах биз ээ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ