АНУ "TEMU"-Д НОГДОХ ИМПОРТЫН ТАРИФЫГ БУУРУУЛАВ

АНУ БНХАУ-ын Temu Shein зэрэг цахим худалдааны сайтын жижиг илгээмжид ногдуулах импортын тарифыг буурууллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-тай бараа бүтээгдэхүүний татварыг харилцан 90 хоногийн хугацаатай бууруулах тохиролцоонд хүрээд буй. Энэ хүрээнд БНХАУ-аас болон ХонгКонгоос илгээгддэг цахим худалдааны сайтын жижиг илгээмжүүдийн тариф 54 хувь болж буурлаа. Тодруулбал 800 ам.доллароос доош үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүний тариф 120 хувь байсныг 54 болгон бууруулж байна. Харин илгээмж бүрийн тогтмол хураамж 100 ам.доллар хэвээр үлдэнэ.
Тогтмол хураамжийн хэмжээг ирэх 6 дугаар сарын 1-нээс 200 ам.доллар болгох байсныг мөн цуцалжээ. Урьд нь Shein, Temu зэрэг онлайн худалдааны компаниуд бага үнийн дүнтэй барааг АНУ-ын хэрэглэгчдэд татвар, импортын хураамжгүйгээр шууд хүргэх боломжтой “de minimis” хэмээх хөнгөлөлтийг эдэлж байв. Харин энэ сарын эхээр уг хөнгөлөлтийг хүчингүй болгоод байна. АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид ням гарагт хэлэлцээ хийж худалдааны харилцаанд ахиц гаргасан. Энэ хүрээнд АНУ БНХАУ-д ногдох тарифыг 145 хувиас 30 хувь болгон бууруулсан бол БНХАУ АНУ-ын бараанд ногдуулах тарифыг 125 хувиас 10 хувь болгон бууруулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ