АРДЧИЛЛЫН ЭСРЭГ НИЙТИЙН САНАЛЫГ ХААХ ''ТАКТИК''

img

 

Сонгуулийн хуулийн маргаан: Үндсэн хууль, улс төрийн ашиг сонирхлын зөрчил

2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1 болон 71.10 дахь заалтууд өнөөдөр улс төрийн хуваагдлын гол шалтгаан болоод байна. Тухайн заалтуудыг Үндсэн хуулийн Цэц иргэний сонгох, сонгогдох үндсэн эрхийг зөрчсөн хэмээн дүгнэсэн бөгөөд энэ нь зөвхөн эрх зүйн маргаан бус улс төрийн намуудын хоорондын ашиг сонирхлын гүн зөрчлийг ил болгов.

Хуульд зааснаар, сонгогчид тухайн тойрогт ногдсон бүх мандатын дагуу нэр дэвшигчдийг бүрэн дугуйлах үүрэгтэй. Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн хувьд энэ нь 10 нэр дэвшигч гэсэн үг. Нэг эсвэл хэд хэдэн нэр дэвшигчийг алгасвал санал хүчингүйд тооцогдоно. Үүнээс гадна нам, эвслийн хэсэгт нэгээс илүү намд санал өгөх нь ч мөн санал хүчингүйд тооцогдох нөхцөлийг бий болгож буй.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт ба парламентын хариу үйлдэл

Үндсэн хуулийн Цэцээс эдгээр заалтыг иргэний үндсэн эрхийг тэр дундаа "чөлөөтэй сонгох" эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн. Цэцийн тайлбараар бол, сонгогчид заавал бүх нэр дэвшигчид санал өгөхийг шаардсанаар тэдний бодит сонголтын эрх хязгаарлагдаж, улмаар "чөлөөт, шударга" сонгуулийн зарчим алдагдаж байгаа юм.

Хэдий тийм боловч Төрийн байгуулалтын байнгын хороо ҮХЦ-ийн дүгнэлтийг “хүлээж авах боломжгүй” гэж үзэж, чуулганы хуралдаанд санал хураалтыг хойшлуулав. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүнийг “бүх намуудын оролцоотой судалгаа, хэлэлцүүлэг шаардлагатай” гэж тайлбарласан ч, үнэн хэрэгтээ энэ нь улс төрийн нам хоорондын “ноён зөөлөн” тохирооны эхлэл болсон нь илт.

Намуудын байр суурь: Ил ба далд тохироо

Ардчилсан нам Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзэж байна. Тэдний байр суурь бол “МАН том тойрогт олон нэр дэвшигч оруулж, саналын хуудсыг тулгаж бөглүүлэх замаар давуу байдал олж авдаг” гэх үндэслэлтэй. Энэ нь зөвхөн сонгуулийн стратеги бус, ардчиллын зарчимтай нийцэхгүй гэж АН үзэж буй.

Харин МАН эсрэг байр суурь баримталж байна. Тэд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрвөл өөрсдийн ялах баталгаатай хөзрөө тавина хэмээн болгоомжилж буй. Түүнчлэн, дотоод яриа хэлэлцээрийн хүрээнд Ардчилсан намын бүлгийг “дүгнэлтийг хүлээж авахгүй байх нь хоёр талд ч ашигтай” хэмээн ятгаж буй.

Энэ нь МАН, АН хоёрын хооронд улс төрийн “тохироо” явагдаж буйг ч илтгэнэ. Ийм тохироо нь жижиг намууд, бие даагчдын хувьд туйлын хохиролтой бөгөөд сонгуулийн шударга байдлыг гутааж мэднэ.

Хууль зүйн шүүмжлэл ба ардчиллын сорилт

Сонгогчдын заавал бүх нэр дэвшигчийг дугуйлах шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9-д заасан “сонгох эрхийг” бодитоор хязгаарлаж буй. Үүнээс үүдэлтэйгээр Цэцийн дүгнэлт нь хуулийн талаасаа үндэслэл сайтай, хүний эрхийн зөрчилд анхаарсан чухал шиийдвэр юм.

Гэтэл эрх баригч нам үүнийг улс төрийн ашиг сонирхлоор хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, парламент дахь олонхоор дарангуйлж, дүгнэлтийг “саармагжуулах” гэж оролдож байна. Энэ нь институц хоорондын хяналт, тэнцлийн зарчимд халдаж буй санаа зовоосон үйлдэл бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт хэрэгжихгүй бол ардчилсан тогтолцооны нэг тулгуур багана нурах эрсдэлтэй.

Хэн ялж, хэн хохирох вэ?

Тус хуулийн заалтыг хэвээр үлдээх нь эрх баригч болон парламентын томоохон намууд тухайлбал МАН, АН-д тактикийн хувьд ашигтай байж болох ч нийт сонгогчдын эрх ашиг, сонгуулийн шударга байдал, олон ургальч ардчилалд хохиролтой. Намуудын тохиролцоо улс төрийн тоглоомд ялагчийг тодорхойлж болох ч ардчиллын суурь зарчмууд ийм "зохицуулалтад" цалгардаж болохгүй.

Үндсэн хуулийн Цэц бол Монгол Улсад хуулийн дээд засаглалын баталгаа, иргэний эрх, эрх чөлөөний манаач юм. Тэдний дүгнэлтийг улс төрийн тохироо, ашиг сонирхлын хүрээнд үл тоон орхих нь УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээг хэтрүүлж, хууль тогтоох байгууллага өөрөө хууль зөрчиж болзошгүйг сануулах ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ