Цөмийн эрсдлийг бууруулах үндэсний төлөвлөгөөгөө бүрэн боловсруулсан орны жагсаалтад багтлаа

Монгол Улс Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдлийг бууруулах үндэсний төлөвлөгөөгөө бүрэн боловсруулсан ОРНЫ ЖАГСААЛТАД БАГТСАНЫГ ЗАРЛАЛАА
Европын Холбоо, Европын Комисс болон Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах Тэргүүн санаачилгын төв (ЕХ-ны ХБЦИЦЭБТСТ)-ийн үндэсний зохицуулагч нарын уулзалт 2025 оны 5 дугаар сарын 12-15-ны хооронд Бельги улсын Брюссель хотноо зохион байгуулагдаж байна. Хуралд Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, БАБХҮХ-ны нарийн бичгийн дарга, ЕХ-ны ХБЦИЦЭБТСТ(EUCBRN)-ийн Үндэсний зохицуулагч Ц.Уранчимэг оролцож байна.
Хурлын эхэнд Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах Тэргүүн санаачлагын төвийн нарийн бичгийн дарга Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдлийг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулж, батлах ажил бүс нутгийн орнуудад амжилттай явагдаж байгааг онцлон дурдахдаа Монгол Улс төлөвлөгөөгөө бүрэн боловсруулж дууссан орны жагсаалтад багтсаныг зарлав. Энэ нь Монгол Улсын биоаюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандартад нийцсэн чадавхтай болох чиглэлээр хэрэгжүүлж буй тууштай бодлогын үр дүн юм.
Энэ удаагийн хуралд 64 түнш улсын үндэсний зохицуулагч, зөвлөхүүд болон НҮБ-ын бүс нутаг хоорондын гэмт хэрэг, шударга ёсны судалгааны хүрээлэн (UNICRI) зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож, 2024 онд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ахиц дэвшлийн талаар ярилцаж байна.
Мөн энэ хурал нь ХБЦИЦ-ийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашид талуудын уялдаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ