БАНГКОКТ НУРСАН 30 ДАВХАР БАРИЛГЫН ХЭРЭГ 17 ХҮНИЙГ БАРИВЧЛАВ

Өнгөрсөн гуравдугаар сард Мьянмарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа алдаж 4500 гаруй хүн бэртсэн. Тэгвэл газар хөдлөлтийн чичиргээ хөрш зэргэлдээ улсуудад мэдрэгдсэн байдаг.
Хэдийгээр газар хөдлөлтийн голомт Мьянмарт байсан ч Тайландын Бангкокт мэдрэгдсэн газар хөдлөлтийн чичиргээнд 30 давхар барилга нурсан юм. Уг барилга нь Тайландын төрийн аудитын барилга байсан бөгөөд тус улсын шүүх энэ хэрэгт холбогдуулан барилгын зураг төсөл, барилга угсралт, барилгыг хүлээн авсан комисс, гэрчилгээ олгосон эрх мэдэлтэн гээд нийт 17 хүнийг баривчлах захирамж гаргажээ. Баривчлагдсан хүмүүсийн нэг нь Тайландын барилгын томоохон компаниудын нэг talian-Thai Development PLC компанийн ерөнхийлөгч асан Премчай Карнасута байна. Тайландын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хэрэг шалгалтын явцад, барилга анхнаасаа алдаатай байсныг тогтоогоод байгаа аж.
Тайландын төрийн аудитын барилгын нурангинаас 89 хүний цогцсыг гаргаад байгаа ч 7 хүний цогцос өнөөг хүртэл олдоогүй байна. Төрийн аудитын 30 давхар барилга 59 сая долларын өртөгөөр гурван жил баригдсан байдаг. Ингээд өнгөрсөн гуравдугаар сард хөрш Мьянмарт болсон газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэх үеэр тэр чигтээ нуржээ. Барилга нурах үед онцгой байдлын 400 гаруй ажилтан дрон, үнэрч нохой, кран, экскаватороор эрэн хайх ажиллагаа явуулсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ