"Зөөлөн суудал хүсээгүй" Т.Доржханд яг хаана сууж байна вэ?

Өнөөдөр ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Засгийн газарт орсон шийдвэрээ өмөөрч, "зөөлөн суудал, халуун хөнжил" хүсээгүй хэмээн мэдэгдэв. Түүний энэ үг нэг л танил сонсогдоно. Өмнө нь эрх баригчдыг хурцаар шүүмжилж, системийн эсрэг тэмцэгчийн дүрээр олны итгэлийг хүлээсэн хүн өнөөдөр эрх мэдэлд хамтран зүтгэгчийн байр суурь руу хэрхэн хувирсны бодит жишээ энэ биш үү?
"Эсэргүүцэгч" байсан хүн "хамтрагч" боллоо
Т.Доржханд сүүлийн жилүүдэд улс төрийн тавцанд "шинэ цагийн улс төрч", "системийн өөрчлөлт хийх ёстой" хэмээх уриа лоозон дэвшүүлж, ялангуяа эрх мэдэлтэй улстөрчдийн "оффшор данс", "үндэслэлгүй хөрөнгө" зэрэг сэдвээр тууштай тэмцэгч мэт дүр бүтээж ирсэн. Гэвч өнөөдөр тэрээр У.Хүрэлсүхийн шууд дэмжлэгтэйгээр бүрдсэн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт АН-тай хамтарч "зөөлөн суудалд" заларсан нь ард түмний ой тойнд эргэлзээ төрүүлж эхэллээ.
Өмнө нь Т.Доржханд "Энэ системийг бүхэлд нь өөрчлөх ёстой", "МАН-АН хоёр хуйвалдаж, Монголын баялгийг сорж байна" хэмээн ил цагаан хэлдэг байсан бол өнөөдөр тэдэнтэйгээ нэг ширээнд сууж, "тогтвортой засаглал", "гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих орчин" ярьж, огт өөр дуугарч байна.
Тэр өөрөө өөртөө зөрчилдөж байна уу, эсвэл зорилго нь өөр байсан уу?
- Тэрээр "Үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүст хариуцлага тооцъё" гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин яг ийм хэргээр олон нийтэд шүүмжлэгдэж, байнга харддаг эрх баригчидтайгаа эвсэн Засгийн эрхэнд орсон нь Т.Доржхандын "үнэт зүйл" үнэхээр үнэт зүйл байсан уу гэх асуултыг тавихад хүргэж байна.
- "Тогтвортой засаглал хэрэгтэй" гэдэг нэрийн дор шударга ёсны тэмцлийг хойш тавьж, "дараа л шийднэ" гэдэг үлгэрийг дахин ярьж байна.
- "Өнөөдөр муу хэлүүлж болно" гэж тэр хэлсэн. Гэвч үнэндээ энэ бол улс төрчдийн хамгийн элэгдсэн тайлбар "ард түмний төлөө зовж байна" гэх маскны цаана албан тушаал, нөлөө, эрх мэдлийн төлөөх жинхэнэ нүүр нуугдаж байдаг.
"Зөөлөн суудал" хүсээгүй хүн яг ямар суудалд суудаг вэ?
Засгийн газарт орох нь хариуцлага уу, эрх мэдэл үү? Хэрэв үнэхээр шударга ёсыг тогтоох гэж байгаа бол яагаад өмнө нь шүүмжилж байсан тэр л хүмүүс, тэр л тогтолцоотой эвсэх шаардлага гарсан юм бэ? Тэр үнэхээр шударга ёсыг манлайлж чадах байсан бол парламентад цөөнх хэвээр үлдэж, эрх мэдэлгүйгээр зарчмаа хамгаалж болох л байсан.
Гэтэл өнөөдөр тэр "Ерөнхий сайд өөрөө орлогоо нотолно, чадахгүй бол ажлаа өгнө" гэж итгэхийг хүсч байна. Яг л өмнөх амлалтууд шиг, сайн санааны дүр эсгэсэн ч биелдэггүй үгс. Олон нийт олон жил "нотлоно", "ажлаа өгнө" гэх мянга мянган үг сонссон, харин хэрэгжсэн нь хэд вэ?
Товчхондоо Т.Доржханд өнөөдөр ард түмний өмнө өөр нэгэн дүртэй гарч ирлээ. Тэрээр "зөөлөн суудал" хүсээгүй гэдэг ч бодит байдал дээр тэр зөөлөн суудалд аль хэдийнэ тухалсан. Эрх мэдэлтнүүдтэй эвссэнээр ХҮН намын гол зарчим, олон нийтэд таалагдсан бодлогын эсрэг алхам хийсэн нь үнэн. "Системийн өөрчлөлт"-ийн нэр барьсан тэр тэмцэл өнөөдөр "системд уусах" шатан дээр иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ