Зарим ТҮЦ-үүдийг дахин байршуулсан асуудлыг шалгаж байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Албаны эх сурвалжаас тодруулснаар өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 1700 гаруй ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1300 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн байна. Үлдсэн 400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг үе шаттай хийх аж.
ТҮЦ нүүлгэсэнтэй холбогдуулан НЗДТГ-аас худалдаа эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгожээ. Тодруулбал, нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд 1600 гаруй ажлын байрны санал тавьсан байна. Гэвч ТҮЦ эрхлэгчид уг саналыг хүлээж авахаас татгалзаад байгаа гэнэ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс шинэ ТҮЦ-үүдийг нийтийн эзэмшлийн гудамжид дахин байршуулаад байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Энэ талаар дүүргүүдийн менежрүүдээс тодруулахад “Дүүргийн Тамгын газрууд ТҮЦ байршуулах зөвшөөрөл хэнд ч өгөөгүй. Хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалт болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбооныхон нийтийн эзэмшлийн гудамж талбайд ТҮЦ зөвшөөрөлгүй байршуулсан гэдэг эхний мэдээлэл байна. Холбогдох байгууллага шалгалт эхлүүлсэн” гэв.
Дээрх үйл явцтай зэрэгцэн НЗДТГ-аас ТҮЦ-ний стандартыг дахин шинэчилж, тухайн стандартад нийцсэн ТҮЦ-үүдийг байршуулж байна гэдэг шүүмжлэл мөн өрнөв. Энэ талаар НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Г.Баярцэцэгээс тодруулахад “Зөвшөөрөлгүй дахин байршуулсан ТҮЦ-үүдийг өнөө шөнө буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөлнө. ТҮЦ-ийн стандартыг шинэчилж, дахин байршуулна гэдэг худлаа мэдээлэл. Хотын зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган болон дугуйн замын хүртээмжийг нэмж, стандартыг сайжруулах ажил эхлүүлсэн. Тиймээс чөлөөлсөн талбайд дахин нэг ч ТҮЦ байрлуулахгүй. ТҮЦ-т худалдаа эрхлэгчдийг ажлын байртай болгох уулзалт, хэлэлцээрүүд үргэлжилж байгаа. Номын худалдаа эрхлэгчдийг Арслантай гүүрний хойд талын төвлөрсөн цэгт оруулсан, зарим ТҮЦ-т худалдаа хийдэг хүмүүсийг өөр ажилд зуучилсан” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ