Л.Оюун-Эрдэнэ итгэл ''гуйна''

Л.Оюун-Эрдэнийн улс төрийн ‘’мэйкап’’ хагарч байна
2025 оны 5-р сарын улс төрийн тайзнаа “итгэл” гэдэг үг ямар утгатай болох талаар ард түмэн, парламент, эрх баригч нам өөр өөрсдийн толь бичигтэй болчих шиг болов. УИХ-ын гишүүдийн ширээн дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөртөө итгэл хүлээлгэх эсэх санал хураалт тавигдах дөхөж байгаа энэ цаг дор түүний “итгэлийн эдийн засаг” гэх гоё урианы цаадах бодит байдал ил цагаандаа гарч, нэг бус олныг бухимдуулсан нь нууц биш.
Түүний хүүгийн найз охинд Lexus RX автомашин, очир алмазан бөгж, брэнд хувцас, цүнх бэлэглэсэн мэдээлэл зураг хөрөгтэйгөө олон нийтэд цацагдсан нь улс төрийн “ганган бэлгийн” шинэ жишиг тогтоож, дөнгөж тэсэж байсан олон нийтийн тэвчээрийн утсыг тасалсан. Иймд “Огцрох амархан” нэртэй тайван жагсаал 13 дахь өдрөө Сүхбаатарын талбайг сахиж байна.
“Өрх гэрийн асуудал улс төр биш” гэж өмөөрөх оролдлого явагдаж буй. Гэвч Ерөнхий сайдын албан тушаалд байгаа хүний хүү, түүний орчин тойронд ийм өртөгтэй амьдрал тансаглал бол хар массдаа итгэл төрүүлэх бус, итгэл алдрахын илэрхийлэл.
Тоглоомын дүрэм өөрчлөгдсөн
Үндсэн хуульд 2019 онд орсон өөрчлөлтөөр Ерөнхий сайд “өөртөө итгэл хүлээлгэх санал хураалт” санаачилж, үүний үндсэн дээр парламентаар батлуулах боломжтой болсон. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ одоо бүрэн дүүрэн ашиглах гэж байна. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр пүрэв гараг гэхэд УИХ-д уг тогтоолын төслийг өргөн барина. УИХ ч заасан хугацаандаа хэлэлцэнэ. Намын бүлэг, байнгын хороо, чуулган гээд ар араасаа дараалсан хурлууд эхлэх нь ээ.
Гэхдээ нэг зүйлийг онцолмоор байна. Хуулийн заалт бол нэг хэрэг, харин улс төрийн ёс суртахуун өөр хэрэг.
“Хамтарсан Засгийн газар байхгүй бол, би ч байхгүй”
Л.Оюун-Эрдэнэ "хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй бол огцорно" хэмээн мэдэгдсэн гэх. Гэтэл түүнийг гаргаж ирсэн МАН-ын Бага хурал АН-тай “суусан” Л.Оюун-Эрдэнийг хаяж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийн үгээр бол одоо байх учиргүй.
Гэтэл үүний оронд тэр УИХ-д “итгэл хүлээлгээч” хэмээн очихоор зэхэж байна. Энэ нь “хариуцлага хүлээдэг” төрийн тэргүүн бус, хуулийн заалтыг PR-ын хэрэгсэл болгож, итгэлээ шантааж болгон ашиглаж буй улс төрчийн дүр тодорч буйг харуулна.
УИХ-ын гишүүд итгэл үзүүлж байна гэдэг бол нийгмийн хүсэл эрмэлзэлд хариу өгч буй төрийн шийдвэр. Энэ нь хүүхдүүдийн “нууц амьдрал”, Lexus RX, очир алмазтай ямар ч холбоогүй. Гэвч өнөөдөр тэдгээр асуудал нь шууд утгаар “итгэлийн сорилт” болж хувирчээ.
Жагсагчид тайван, гудамж талбайд сууж байна. Харин эрх баригчид хөшигний цаадах уулзалтаар “саналаа хэрхэн хуваах” тухай сэм хуйвалдаж байна. Энэ бол Үндсэн хуулийн үзэл баримтлалын доромжлол.
Монголын төрийг үнэт эдлэл шиг “бэлэглэж болдог” гэж ойлгоход хүргэсэн энэ үйл явдал Ерөнхий сайдын хэн болохоос илүүтэй, манай улс төрийн ёс суртахуун хаана уначихаад байгааг илчилж өгч байна. “Итгэл үзүүлэх үү?” гэх асуулт бол одоо зөвхөн улс төрийн шийдвэр биш, нийгмийн шударга ёсны шалгуур юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ