Д.ТРАМП ОХУ-ЫН ЭСРЭГ ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧ МАГАДГҮЙ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан. Энэ үеэр В.Путин гал зогсоох нөхцөлийг тусгасан “энхийн санамж бичиг” илгээхээ амласан юм. Гэвч өнөөг хүртэл АНУ уг санамж бичгийг хүлээн аваагүй байгаа талаар Цагаан ордноос мэдээлээд байна.
Тиймээс Д.Трамп В.Путины эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай төлөвлөж байгаа аж. Мөн АНУ-ын Конгресс дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намын төлөөлөгчид ОХУ-д хатуу хориг тавихыг Ерөнхийлөгчөөс шаардаж эхэлсэн байна. Үүнд хоёрдогч хориг болон эрчим хүчний салбарт өндөр тариф тавих санал багтаж байгаа аж. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэхүү нөхцөл байдлыг Д.Трамп ойлгож, дараагийн арга хэмжээ авна хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн өдрүүдэд ОХУ Украины хотууд руу хийх пуужингийн довтолгоог эрчимжүүлж байгаа. ОХУ-ын агаарын довтолгооноос үүдэн амь насаа алдаж байгаа Украин иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа юм. Украины эсрэг довтолгоо ширүүсэж байгаа энэ цаг үед тусгай элч Кит Келлог болон ОХУ-ын ҮАБЗ-ийн орлогч дарга Дмитрий Медведев нар нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлж, маргаан өрнүүлсээр байна. Кит Келлогийн хувьд “Гал зогсоох асуудлаар ОХУ-ын амласан энхийн санамж бичгийг хүлээж байна” хэмээн нийтэлжээ.
Тэгвэл мягмар гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьж, гал зогсоох саналуудын талаар хэлэлцсэн гэжээ. ОХУ-ын талаас уг санамж бичгийг боловсруулж байгаа бөгөөд тун удахгүй Украинд хүргүүлнэ гэж Оросын тал мэдэгдээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ