АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУД ГАДААД ОЮУТНУУДЫН ЯРИЛЦЛАГЫН ЦАГИЙГ ЦУЦЛАВ

Холбооны засгийн газар элчин сайдын яамдууддаа АНУ-д суралцах гадаад оюутнуудтай ярилцлагын цаг товлохыг зогсоох чиглэл өглөө. Одоогийн байдлаар өмнө нь товлогдсон ярилцлагын цагуудыг цуцлахгүй. Харин хуваарьт хараахан орж амжаагүй ярилцлагын цагуудыг цуцлах үйл ажиллагаа эхэлж байна хэмээн цагаан ордноос мэдээлжээ. Мөн Холбооны Засгийн газар АНУ-д суралцах гадаад оюутнуудын сошиал медиа хэрэглээг шалгах ажиллагааг өргөжүүлэхээр бэлтгэж байна. Учир нь Дональд Трамп АНУ-ын их сургуулиудыг хэт зүүний үзэлтэй хэмээн шахалт үзүүлж, антисемитизмыг дэмжих элсэлтийн бодлого баримталж байна хэмээн үзсээр буй.
Үүнээс гадна өнгөрсөн саруудад Харвард, Нью-Йоркийн их сургууль тэргүүтэй томоохон их сургуулиуудын санхүүжилтыг танах зэргээр удаа дараа дарамт үзүүлж байна.
АНУ-д суралцах хүсэлтэй гадаадын оюутнууд ихэнхдээ өөрийн оронд байх АНУ-ын элчин сайдын яаманд визний ярилцлагад ордог. Тиймээс АНУ-д суралцах оюутнуудын хувьд цаашид хаана яаж ярилцлагад орох нь тодорхойгүй болж байна. Мөн гадаад оюутнууд бол дотоодын оюутнуудаас илүү өндөр төлбөр төлдөг учраас АНУ-ын их дээд сургуулиудын санхүүжилтийнх нь чухал эх үүсвэр болдог.
Тиймээс АНУ-ын их сургуулиудын хувьд ч суралцах хүсэлтэй гадаад оюутнуудын хувьд ч тодорхойгүй байдал үүсээд байгаа аж. Энэ асуудлаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тамми Брюс мэдээлэл өгөхдөө, “Манай улсад хэн нэвтрэн орж ирж байгааг шалгах нь зүйтэй. Бид цаашидч хяналт шалгалтыг үргэлжлүүлэх болно" гэжээ. Тэгэхээр АНУ-ын хувьд цаашид еврейг эсэргүүцэх үзэлтэй оюутнуудыг элсүүлэхгүй байх, товчхондоо Израилын армийн өргөтгөсөн цэргийн ажиллагааг эсэргүүцсэн оюутнуудыг сургуулиас хөөх зэрэг арга хэмжээг эрчимжүүлж эхлэх нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ