ЕВРОПЫН ХОЛБООНООС ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ОНЦЛОН ТЭМДЭГЛЭЖЭЭ

Монгол Улсад суугаа Европын холбооны Төлөөлөгчийн газраас “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-өөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран хэрэгжүүлсэн “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийн үр дүнд сэтгэл хангалуун буйгаа онцолжээ.
Энэхүү төсөл нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд болон Монгол Улсын Зэвсэгт хүчинд жендэрийн тэгш байдлыг үйл ажиллагаандаа өргөн хүрээнд тусгах, аливаа асуудлыг жендэрийн мэдрэмжтэй байдлаар шийдвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, хүний эрхийн төлөөх нөлөөллийн үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэх зорилготой.
Төслийн хугацаанд Монгол Улсын 22 цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Словени Улсын Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвд жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн манлайлагчид болж бэлтгэгдсэн бөгөөд үүнээс хойш тэд Зэвсэгт хүчний 80 гаруй жендэрийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах, эмэгтэй алба хаагчдын манлайллыг дэмжих мөн 200 гаруй ахлах офицерыг жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах талаар сургалт зохион байгуулсан зэрэг нь өдөр тутмын ажил үүрэгтээ жендэрийн тэгш эрхийн манлайллаа өргөжүүлж чадсан явдал байв.
Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабтай нягт хамтран ажилласнаар энх тайван, тэгш байдлын төлөөх хамтын зорилгоо биелүүлэх чухал алхам боллоо. Монгол цэргүүдийн сахилга бат, төлөвлөлт зохион байгуулалт, хүний эрхийн мэдрэмжтэй байдал, гүйцэтгэлт нь бидэнд онцгой сэтгэгдэл үлдээлээ хэмээн онцлон тэмдэглэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ