Д.ТРАМПЫН ЭСРЭГ ЖАГСААЛ ХУРЦ ХЭЛБЭРТ ШИЛЖЛЭЭ

АНУ-ын Лос-Анжелес хотноо Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг жагсаал 3 дахь өдрөө үргэлжилж байна. Уг жагсаал тайван жагсаалаар эхэлсэн ч Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний гвардын 2000 орчим цэргийг жагсагчдийн эсрэг оруулснаар тэмцэл хурц хэлбэрт шилжиж, мөргөлдөөн үүссэн юм.
Жагсаал хурц хэлбэрт шилжсэнээр Лос Анжелес хотын төв замууд хаагджээ. Дональд Трампын цагаачлалын бодлогын эсрэг жагсаж буй иргэдийг тараахаар цагдаа нар нулимс асгаруулагч болон резин сумтай буу ашиглаж байна. Жагсаалын үеэр Лос Анжелес хотын төвийн компаниудын эд хөрөнгө эвдэрч сүйдэж буй бөгөөд одоогоор "Waymo" компанийн хэд хэдэн машин шатаад байна.
Дональд Трампын жагсагчдын эсрэг хүч хэрэглэж буй үйлдлийг зарим улстөрчид шүүмжилж эхэллээ. Тухайлбал Калифорни мужийн амбан захирагч Гевин Ньюсом үг хэлэх үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн эсрэг хүч хэрэглэж, мөргөлдөөн үүсгэж буй Дональд Трампын бодлогыг хурцаар шүүмжилсэн мэдэгдэл гаргалаа. Тэрээр, "Дональд Трамп, цагаачлалын бодлогод хатуу байр сууринаас хандаж хамтын ажиллагаа бус хатуу тулгалт хийж байна. Бид тайван замаар зохицуулалт хийх ёстой. Мөн Үндэсний гвардыг жагсаалд оруулсан нь мужийн бүрэн эрхэд халдаж буй үйлдэл юм" гэжээ.
Жагсаалыг газар дээр нь сурвалжилж буй олон улсын сэтгүүлчид бэртсэн тохиолдлууд бүртгэгдэж байгаа бөгөөд Австралийн нэгэн сэтгүүлч цагдаагийн резинэн сумтай буунд оногджээ. Резин сум азаар тухайн сэтгүүлчийн аминаас холуур өнгөрсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ