С.Амарсайханы цүнх баригч А.Тайванбаяр ЖДҮҮДТ-өөр хөлжиж байна уу?

Хэдхэн жилийн өмнө мэдээлэлд ойрхон, төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХ санг тонон дээрэмдсэн баримтууд хэвлэлд дэлгэгдэж, дуулиан шуугиан нь “boom” тарьж байв.
Харин өнөө цагт ЖДҮ-ийг дэмжих сан бус тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэгч болох боломж бололцоог ханган бойжуулах үүрэгтэй зарим дүүргүүдийн ЖДҮҮДТ /Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв/-ийн “хурган” дарга нар үйлдвэр эрхлэгчдийнхээ боломжийг булааж байгааг энэ удаад бид онцолж байна.
Тухайлбал, Налайх дүүргийн ЖДҮҮДТ-ийн дарга А.Тайванбаяр.
Тэрээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Налайх дүүргийн ЖДҮҮДТ-ийн төвийн дарга хийж буй.
С.Амарсайханы цүнх баригчаар төрийн ажлын гараагаа эхэлсэн тэрээр 2022 оноос өнөөг хүртэл Налайх дүүргийн ЖДҮҮДТ-ийн даргын албан тушаалд ажиллаж буй. Энэ цагаас хөлгүй хөрөнгөжсөн төдийгүй дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсныг ойр дотныхон нь жиг жуг хийх болж.
Баримт
Үйлдвэрлэгчийн боломжийг үйлдвэрлэлгүй, төрийн албан хаагч эхнэртээ “булааж” авч өгчээ
Тэрбүүхэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Жижиг дунд үйлдвэрийн газраас ирэх 9-р сард АНУ-д Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанд явах ганцхан квот Налайх дүүрэгт өгөхөд үйлдвэр эрхлэгчээ бус өөрийн эхнэртээ авч өгсөн байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад мэргэжилтэн хийдэг эхнэр нь Монголын жижиг дунд үйлдвэрлэгч нэрээр АНУ-ын визэнд орж 10 жилийн хугацаатай тус улсад зорчих “аяллын” эрх авсан байна. Эх сурвалжийн мэдээллээр, түүний эхнэр ямар нэгэн бизнесгүй, үйлдвэрлэлгүй. Гэтэл “хурган” дарга нөхөр нь үйлдвэр эрхлэгчдийн боломж бололцоог ийнхүү булаасан нь шударга бус.
Нэг жилийн хугацаанд орлого нь 8 сая, хадгаламж нь 20 сая төгрөгөөр тус тус нэмэгджээ
А.Тайванбаярын хөрөнгө орлогын мэдүүлгийг үзвэл, 2022 онд өөрийн гэсэн орон байргүй, 320м2 бүхий газартай, орлого нь 10 сая, дансандаа 30 сая төгрөгтэй байжээ.
Харин дүүргийн ЖДҮҮДТ-ийн дарга болсноос хойш нэгхэн жилийн дотор буюу 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хуучин 320 м2 газар дээрээ дахин 500 м2 газар нэмж авсан, орлого нь 8 сая төгрөгөөр, хадгаламжийн данс нь даруй 20 гаруй сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. 2024 онд чухам хэрхэн тайлагнасан нь хачирхалтай.
Бойжуулагч нараасаа түрээсийн төлбөр авдаг гэв үү
Эх сурвалжийн мэдээллээр, Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь бойжуулагч нараасаа түрээс авч байрлуулдаг аж. Уг нь Төрийн дэмжлэгээр 21 аймаг, 9 дүүргийн ЖДҮҮДТ нь үндэсний үйлдвэрлэгч, бойжигч нараа тодорхой хугацаанд ямар нэг түрээсийн дарамтгүй, түрээсийн төлбөр мөнгө авахгүйгээр бойжуулдаг байх ёстой. Тухайн бойжигч нар энэ хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээгээ хөл дээрээ босгон, дараагийн хүндээ боломж олгодог журамтай. Тийм ч учраас тус төвийн үйл ажиллагааг Төрөөс дэмжин, 2025 онд 600 гаруй сая төгрөг төсөвлөсөн байгааг баримтаар бид үзүүлж байна.
Гэвч Налайх дүүргийн ЖДҮҮДТ-ийн үйл ажиллагаа дүрэм журмаараа явдаггүй бололтой. Тэрбүүхэл, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой байтал, зурагт радио, видео приставок засдаг засварын газар хүртэл өөрсдийн байрандаа оруулан ажиллуулж ашиг орлого олсоор байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ