Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн асуудлыг шийдвэрлэх зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2025 оны 6-р сарын 10-ны өдөр “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Энэхүү зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн зөвлөх, олон улсын байгууллагууд, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, хүн амын хоол тэжээлийн байдал, судалгаанд суурилсан нотолгоог бодлогын болон хэрэгжүүлэх түвшинд тогтолцоог сайжруулах асуудлыг хэлэлцлээ.
Зөвлөлдөх уулзалтаар дараах чиглэлүүдээр хамтарсан арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр санал нэгдлээ:
- Бага насны хүүхдүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах – Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих, Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах,
- Таргалалт, илүүдэл жинг бууруулах – Эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах, татварын зохицуулалт, зар сурталчилгааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах
- Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл хооллолтын орчин нөхцөлийг сайжруулах – Үдийн хоол хөтөлбөрийг дэмжих, орчин нөхцөлийг сайжруулах, сургуулийн хүүхдүүдийн хооллолт, шим тэжээлийн мэдлэгийг сайжруулах (хүнсний бүтээгдэхүүнйи цагаан толгой)
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөг сайжруулах – 0-5 насны хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн болон жирэмсэн эхчүүдийн үзлэгт хоол тэжээлийн байдлыг үнэлж, тохирох зөвлөгөө өгөх
- Салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх – Нотолгоонд суурилсан, олон талт оролцоонд тулгуурласан бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хүн амын хоол тэжээлийн асуудлыг шинжлэх ухаанд суурилсан бодлогоор шийдвэрлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах чухал арга хэмжээ боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ