Тэяан дуулж, Тера борлогдоно, Монголчуудад юу үлдэх вэ?

Зургадугаар сарын 21-нд БНСУ-ын поп од Тэяан Монголд бие даасан тоглолтоо хийхээр зэхэж байна. Хүлээлт үүсгэсэн энэ тоглолтод мянга мянган залуус цугларч, соёлын солилцооны нэгэн үйл явдал өрнөх нь. Гэвч үүний ард чимээгүй нэг асуулт анхаарал татаж байна. Энэ тоглолт Монголын эдийн засагт яг ямар өгөөжтэй вэ?
Тоглолтын албан ёсны хамтрагчаар БНСУ-ын Терра шар айраг сонгогджээ. Энэ нь манай ААН-дэд нэг ч төгрөгийн боломж олгохгүй гэсэн үг. Тоглолтын турш ямар ч сонголтгүйгээр тэнд цугларагсдад зөвхөн Терра шар айргийг борлуулна. Нэг удаагийн томоохон тоглолтын үеэр зөвхөн ундааны борлуулалтаас дунджаар 800 саяас 1.2 тэрбум орчим төгрөгийн орлого эргэлддэг гэсэн тооцоо байдаг. Сүүлийн жилүүдэд гадны одод Монголд ирэх нь нэмэгдэж, энэ хэрээр тэдний брэнд, спонсорууд давхар орж ирдэг болсон. Өөрөөр хэлбэл бид зөвхөн тоглот биш, гадаадын брэндүүдийг борлуулах платформ бий болгож байна. Харин Монгол компаниудын оруулж ирдэг бүтээгдэхүүн, дотоодын бизнесүүд хаана байна вэ, Монголын залуус соёлын солилцоо, K-pop соёлын нэрийн дор үндэсний эдийн засагтаа өөрсдөө сүүдэр унагаж байна. Бид оддыг хүлээн авдаг, баярладаг, билетийн мөнгөө төлдөг, гадаадын бараа хэрэглэдэг, харин өгөөж нь өөр оронд үлддэг энэ тогтолцоог өөрчлөх ёстой цаг иржээ. Хэрвээ уг тоглолтын ивээн тэтгэгчээр дотоодын ААН-үүд оролцсон бол дор хаяж нэг тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт Монголд үлдэх байв. Түүнчлэн үндэсний брэндүүдийн танилцуулга, жижиг бизнесүүдийн оролцоо нэмэгдсэн бол соёлын импортыг эдийн засгийн боломж болгон хувиргах байсан. Харамсалтай нь бид соёлын нэрийн дор хэрэглэгч хэвээр үлдэх эдийн засгийн гадагш урсгалын бодлогыг өөрсдөө бүтээгээд байна.
Шийдэл юу вэ?
Соёлын арга хэмжээнд дотоодын ААН-үүдийн бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Ядаж 30-50 хувийн оролцоог хангадаг байх,
Засгийн газар, соёлын яам хамтран үндэсний эдийн засагт үр өгөөжтэй соёлын бодлого боловсруулах шаардлагатай.
Эх оронч хэрэглээг сурталчлах кампанит ажил, ялангуяа залуусд чиглэсэн боловсролын ажил хэрэгжүүлэх нь чухал. Монголчууд бид зөвхөн оддын ирсэнд баярлаад зогсох бус эдийн засгийн үр өгөөжийг нь тооцдог, дотоодын ААН-үүдээ дэмждэг хэрэглэгч болох цаг болсон. Тоглолт дуусна, харин мөнгөний урсгал бидэнд үлдэх биш тэдэнтэй хамт гадагшаа урсана. Монголд үлдэх өгөөжгүй үлддэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ