ИРАН ИЗРАИЛЫН МӨРГӨЛДӨӨН 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Иран Израилын мөргөлдөөн 4 дэх өдрөө үргэлжилж байна. Израил болон Ираны талууд харилцан агаарын довтолгоо хийж буй бөгөөд хохирогчдын тоо нэмэгдсээр байна. Баасан гарагаас хойш Иран улсад амиа алдсан хүмүүсийн тоо 220-д хүрсэн бол Израилын талаас 19 хүн амь насаа алджээ. Израилын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд агаарын цохилт эхлүүлсэн гэж дурджээ. Тиймээс агаарын цохилт өгсөн эхний өдөртөө Ираны цөмийн байгууламжуудыг, тэр дундаа уран баяжуулах "Натанза" үйлдвэрийг дэлбэлсэн юм.
Мөн сүүлийн өдрүүдэд Ираны хэд хэдэн цөмийн байгууламжийг онилсон бөгөөд хариуд нь Ираны зүгээс Тел-Авив хотыг онилсон дараалсан цохилтуудыг өгөөд байна. Тел-Авив хотын иргэд нуувчинд орох зэргээр дайны бэлэн байдалд шилжжээ. Мөн Израилын Ерөнхий сайд Бенямин Ньетяанху ард иргэддээ хандаж, "Ирантай хийх мөргөлдөөн урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа тул бэлэн байдалд байхыг хүсье" гэжээ. Өнөөдрийн байдлаар Израил улс Ираны IRGC буюу Исламын хувьсгаль хамгаалагчдын корпусын тагнуулын газрын тэргүүн болоод түүний орлогчдыг хороогоод байна. Герман, Франц тэргүүтэй Европын орнууд өргөн хүрээг хамарсан дайн дэгдэхээс зайлсхийхийн тулд хурцадмал байдлыг намжаахыг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ