ОРМУЗЫН ХООЛОЙ ХААГДВАЛ... МОНГОЛД БОЛОН ДЭЛХИЙД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Энэ сарын 21-ний шөнө АНУ Ираны цөмийн байгууламжуудад агаарын цохилт өглөө. АНУ-ын цохилтод Ираны Исфахан, Натанз, Фордо гэх цөмийн гурван гол байгууламж өртөөд байгаа. Үүнээс уран баяжуулах болон центрифугийн үйлдвэрлэлийн цех байрладаг Исфахан бүрмөсөн устсан бол Натанз болон Фордогийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болжээ. АНУ-ын өгсөн цохилтоос үүдэн Иран улсын уран баяжуулах хүчин чадал 2–3 жилээр ухарсан гэж Израилын талаас онцолжээ.
Харин Ираны цөмийн байгууламжуудыг онилон устгахад оролцож эхэлсэн АНУ-ын үйлдлийн хариуд Ираны парламент газрын тос дамжуулалтын Ормузын хоолойг хаахыг дэмжээд байна. Ираны парламентийн уг шийдвэрийг тус улсын үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл батлана. Өөрөөр хэлбэл Ормузын хоолойг хаах эсэх шийдвэр Ираны Ерөнхийлөгчийн мэдэлд буй ч цаад утгаараа дээд удирдагч Аятолла Али Хамейнигийн мэдэлд байгаа хэмээн шинжээчид харж байна.
Ормузын хоолой бол Персийн булан болон Оманын буланг холбодог нарийн хоолой. Хойд талд нь Иран өмнөд талд нь Оман улс оршдог. Стратегийн ач холбогдолын хувьд дэлхийн нийт тосны экспортын 20% нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг. Өдөрт 20 сая баррель газрын тос тээвэрлэгддэг бөгөөд ОПЕК-ийн орнууды буюу Саудын Араб, Иран, Ирак, Кувейт, АНЭУ зэрэг газрын тос экспортлогч улсуудын гол гарц гэсэн үг. Ираны хувьд АНУ-ын хориг арга хэмжээ болоод бусад сүрдүүлгийн хариуд Ормузын хоолойг хаах асуудлыг хөнддөг. Хэрэв АНУ-ын дайралтын хариу болгож Иран Ормузын хоолойг хаасан тохиолдолд дэлхий даяар газрын тосны нийлүүлэлт тасалдаж, үнэ өснө. Үүнийг дагаад дэлхий даяар инфляци, үнийн өсөлт үргэлжилж эдийн засгийн өсөлт саарна.
Энэ байдалд манай улсад ч нөлөөлөнө. Учир нь дэлхий даяар газрын тосны үнэ өсвөл ОХУ-ын Роснефть зэрэг нийлүүлэгчид ч шатахууны үнээ нэмнэ гэсэн үг. Хэрэв Роснефть шатахууны үнээ өсгөвөл монголд бүх төрлийн барааны үнэ өсөж, иргэдийн амжиргаа муудна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт багасаж, валютын ханш савлана. Хэрэв газрын тосны тодорхой хэмжээг ОПЕК-оос импортолдог Хятадын эдийн засаг цохилтод орвол Монголын нүүрсний экспорт ч одоо байгаагаас ч агшиж магадгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ