ХҮМҮҮЖИГЧ ХҮҮХДҮҮД ТӨГСӨЛТИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ

img

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагааг хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхийн оролцоотой зохион байгууллаа.

Энэ үеэр тус байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийг амжилттай төгсөж, суурь боловсролын гэрчилгээг 2 сурагч, 12 дугаар ангийг амжилттай төгсөж бүрэн дунд боловсролын гэрчилгээг 4 сурагчдад тус тус гардууллаа.

 

 

Тус хичээлийн жилд 12 дугаар ангийн сурагч З.С Баянзүрх дүүргийн түүхийн олимпиадад 2 дугаар байр, Улсын түүхийн олимпиадад 8 дугаар байр, ЭЕШ-д түүхийн судлагдахуунаар 694 оноо авчээ. Түүний амжилтыг үнэлж Монголын сурагчдын холбооны “Тэргүүний сурагч” алтан медаль, мөн амжилттай суралцсан нэр бүхий сурагчдыг “Шилдэг сурагч”, “Авьяаслаг сурагч”, “ Спортлог сурагч” алтан медиалаар тус тус шагнаж урамшууллаа.

Суралцагч хүүхдүүдийн баярыг хуваалцан хүрэлцэн ирсэн “Таван богд пүүдс групп”-ын хамт олон гарын бэлэг гардуулан 12 дугаар ангиа амжилттай төгссөн сурагчдыг “Нээлттэй ажлын байранд” урьж, тэр дундаа Тэргүүний суралцагч З.С-ийг ажлын байранд шууд ажиллах боломжоор хангана гэдгээ албан ёсоор илэрхийлсэн онцлог үйл явдал болсон.

Өдөрлөгийн үеэр суралцагч хүүхдүүдийн эсгий урлал, уран зураг, монгол бичиг мөн судлагдахуун бүрээр үзэсгэлэнг гаргаж, зочид төлөөлөгчид, ар гэрийнхэнд нь танилцууллаа.

 

Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын алба хаагчид эцэг эх, гэр бүлийнхэнд нь нээлттэй мэдээлэл зөвлөгөө өгсөн бөгөөд хамтран ажилладаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олон хүмүүжигч хүүхдүүдийн иргэний үнэмлэхийг хүлээлгэн өгч, Монголын өмгөөлөгчдийн холбоо хуулийн зөвлөгөө мэдээлэл, Кристина ноблийн хүүхдийн сангийн хамт олон “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”, Дүүрэн гэрэл гэгээ хөдөлмөрийн биржийн хамт олон ажлын байр, цагийн ажлын байрны талаар эцэг эх, хүмүүжигч хүүхдүүдэд мэдээлэл зөвлөгөө өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ