Европ даяар хэт халалт үргэлжилж байна

Европын орнуудад хэт халалтын давалгаа үргэлжилж байна. Тухайлбал Испани улсын хэмжээнд 46 хэм хүртэл халж рекорд тогтоосон бөгөөд нийт бүс нутгийн дундаж температур 40 хэмээр бүртгэгдэж түүхэн дэх хамгийн халуун 6-р сар болжээ.
Тэгвэл Португал, Итали, Хорватын зарим хэсэгт халууны сэрэмжлүүлэг гамшгийн улаан дохио асааж буй бөгөөд Франц, Австри, Бельги, Босни-Герцеговина, Унгар, Серби, Словени, Швейцари улбар шар дохионд шилжлээ. Барселон хотод хэт халалтаас үүдэлтэй нас баралт бүртгэгдсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас өндөр настан, хорт хавдраар өвчлөгсөд, орон гэргүй хүмүүс голчлон наранд цохиулж байна гэж мэдээлжээ.
Неаполь хотын Ospedale dei Colli эмнэлэг хүйтэн усанд хөлөө дүрэх, сэлэх зэрэг наршилтаас хамгаалах зөвлөмжүүдийг гаргасан бөгөөд Болонья хотын захиргаа хүйтэн кондишн, ундны устай тусгай хоргодох газрууд байгуулаад байна. Харин Ром хотын захиргаа 70-аас дээш насны хүмүүсийг усан сангуудад үнэгүй нэвтрэх эрхтэй болголоо.
Португалийн нийслэл Лиссабон хотын захиргаа хэт халуунд гадагш гарахгүй байх зөвлөмж гаргаад буй. Гэвч тус хотын иргэд гэртээ ч халууны хямралд өртөх тохиолдол гарч байна.
Сербид 42 хэм хүртэл халсан нь 19-р зуунд бүртгэгдсэн хэт халалтаас давсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ