ОХУ УКРАИНД "477 ДРОН, 60 ПУУЖИНГААР" ЦОХИЛТ ӨГӨВ

Ням гарагт ОХУ Украины хотуудад томоохон хэмжээний агаарын цохилт өглөө. ОХУ-ын агаарын цохилт хамгийн олон тооны нисгэгчгүй онгоц, пуужин ашигласан томоохон цохилтуудынх нь нэг болсон байна. Тодруулбал, ОХУ-ын зүгээс ням гарагийн шөнө Украины 6 бүс нутагт 477 нисгэгчгүй онгоц, 60 пуужин харважээ.
Цохилтын үеэр Украины арми ОХУ-ын 211 нисгэгчгүй онгоц, 38 пуужинг нь тосож устгаад байна. ОХУ-ын цохилтод Киев хотоос гадна Львов муж өртөж, орон сууц, барилга байгууламж, иргэний дэд бүтэц сүйдэж, хаяж 12 хүн шархадаад байна. Мөн F-16 сөнөөгч онгоц осолдож нисгэгч Максым Устименко амь үрэгдсэн гэж Украины арми мэдээлжээ. Агаарын цэргийн хүчний нэгдүгээр зэрэглэлийн дэд хурандаа Максым Устименко нь F-16 сөнөөгч онгоцны ослоор амиа алдсан Украины гуравдах нисгэгч болж байна. Учир нь Украины арми АНУ-ын F-16 сөнөөгч онгоцыг өнгөрсөн оноос ашиглаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хоёр ч нисгэгч амиа алдаад байж. Украины армийн мэдэгдэлд, “Нисгэгч Максым Устьменко нь онгоцыг хүн ам суурьшсан бүсээс холдуулахын тулд чадах бүхнээ хийсэн. Түүний үхэл Украин улсад том гарз боллоо” гэжээ.
Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Максым Устьменко амь үрэгдэхээсээ өмнө долоон бай устгасан”. Тэрээр эх орныхоо тэнгэрийг баатарлагаар хамгааллаа” хэмээн мэдэгдсэн байна.
ОХУ өнгөрсөн долоо хоногт нийт 114 пуужин, 1270 нисгэгчгүй нисэх онгоц, 1100 бөмбөгөөр Украинд халджээ. Энэ нь гал зогсоох хэлэлцээнд томоохон хүчин чармайлт гаргаж буй АНУ-ын оролдлогыг талаар болгож байна гэж Дональд Трамп мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ