Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “MEF Youth – 2025” арга хэмжээнд оролцлоо

img

 

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “MEF Youth – 2025” арга хэмжээнд оролцож, “Ирээдүйн эдийн засаг ба итгэлцэл дээр суурилсан дараагийн алхам” сэдвээр 3000 гаруй залуус, салбарын экспертүүдтэй хамт хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус арга хэмжээ нь “Rebuilding Trust” буюу “Итгэлцлийг дахин сэргээх нь” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд эдийн засгийн өнөөгийн сорил, ирээдүйн боломж, залуусын оролцооны талаар нээлттэй, уриалга бүхий хэлэлцүүлэг болсон юм.

Энэ үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хэлэхдээ:

"Эдийн засгийн дархлаа гэдэг нь богино хугацааны арга хэмжээ бус, урт хугацааны ухаалаг бодлогын үр дүн байх ёстой. Өмнөд Солонгосын KPOP салбар эдүгээ улсынхаа эдийн засагт 50 тэрбум ам.долларын нөлөө үзүүлж байна. BTS хамтлагийн нэг тоглолт 900 сая ам.долларын орлого олж, энэ нь Монгол Улсын ДНБ-ий 4–5%-тай тэнцэхүйц байна. 2025 онд “Los Angeles Lakers” баг 10 тэрбум ам.доллароор зарагдаж, Монголын ДНБ-ий 45–50%-тай дүйцэх хэмжээний үнэлгээнд хүрсэн. Яг үүн шиг Монгол залуусын авьяас, хүсэл сонирхол эдийн засаг болон өргөжих боломжтой" гэсэн юм. 

Салбарын яам залуусын ур чадвар, инновацид суурилсан орчин үеийн салбаруудыг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.

Үүнд: Соёл урлаг, спорт, технологи, хөдөө аж ахуй, креатив үйлдвэрлэл, Дижитал эдийн засаг, стартап зэрэг салбарууд багтаж байна.

Мөн бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг “зөвшөөрөл” нэртэй саад, хязгаарлалтыг цэгцэлж, олон улсын зах зээлд өрсөлдөх боломж, үүд хаалгыг нээх шинэчлэлүүд хийгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ