БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ САЛБАРЫН ҮЕ ҮЕИЙН САЙД, ДАРГА НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ   

img

 

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2025.07.07/ Батлан хамгаалах салбарыг нэгэн цагт удирдаж явсан үе үеийн сайд, дарга нарын төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарынхаа цаашдын хөгжлийн төлөө баримталж буй бодлого, стратеги, хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, мэдээлэл хүргэв.    

Тэрээр хэлсэн үгэндээ, “Үе үеийн сайд, дарга нар маань алсын хараагаа оновчтой тодорхойлж, нягт уялдаа холбоотой ажиллаж ирсний үр дүнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын цэрэг-улс төр, аюулгүй байдлын ээдрээтэй өнөө үед “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ”-г амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ.  

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин маань эрх зүйн хувьд ч, зэвсэг, техникийн хувьд ч шинэчлэлт хийж, гадаад харилцаагаа тэлж, энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлж, ажилтан алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ Монгол цэргүүд газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, авто зам зэрэг эх орны өнцөг булан бүрд өрнөж буй их бүтээн байгуулалтад гар бие оролцсоор өдийг хүрлээ. 

Миний бие Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа олон улсын цэрэг-улс төрийн болон геостратегийн нөхцөлд байдалтай уялдуулан: 

• Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичигт батлан хамгаалах талаар туссан зорилго, зорилтыг амжилттай хангахад “Би биш Бид” зарчмыг мөрдлөг болгон “БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА“-г эрхэм болгон ажиллана;

• Шинэ Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО”-ийн хүрээнд алба хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;

• Иргэний тусын тулд төр оршдог. Иймд алба хаагчдын цалин хөлсний нэмэгдлийг сайжруулах, орон сууцны нөхцөлийг үе шаттайгаар шийдвэрлэх замаар тэдний нийгмийн хамгааллыг сайжруулна;

• “Шинжлэх ухаан, инновац, аж үйлдвэрийн төв”-ыг байгуулан хөгжүүлж, нисгэгчгүй нисэх хэрэгслийг хөгжүүлэх суурийг тавина.

• Хүүхэд залуучуудын эх оронч үзэл, төлөвшлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, цэргийн анхан шатны мэдлэг олгох хөтөлбөрийг суурь боловсролын системд оруулж, ажил хэрэг болгоход анхаарна. 

• Мэдээлэл, кибер аюулгүй байдлын хамгаалалтын сайжруулах хүрээнд “КИБЕР ДОВТОЛГООНЫ МЭРГЭЖИЛТЭН”-ийг дотооддоо бэлтгэх боломжийг хангана.

• “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлуулан хэрэгжүүлж эхэлнэ.

• Батлан хамгаалах салбарын төсвийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэр дундаа “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨВ”-ийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, ДНБ-нд эзлэх хувийг хоёр хувьд хүргэх зорилго тавин ажиллах болно. 

Батлан хамгаалах салбарыг удирдах хариуцлагатай бөгөөд эрхэм албыг хашиж явсан үе үеийн удирдлагууд та бүхэнд БАЯРЛАЛАА” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ