ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ 5011 КМ ЗАМЫГ 95 ХОНОГТ ТУУЛЖ, МОНГОЛ УЛСЫН "ХЭТ ХОЛЫН ЗАЙН МАРАФОН ГҮЙЛТ"-ИЙН ШИНЭ ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООЛОО

Монгол орны дөрвөн цэгт орших соёмбот багануудыг төв цэгтэй холбон 5000 гаруй километрийн гүйлтийг амжилттай гүйж дуусгасан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц, 2222 километр замыг 46 хоногт амжилттай гүйсэн Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нарын "Таван цэг" багийн гишүүдийг өнөөдөр /2025.07.09/ Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд ёслол төгөлдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уг хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг тэргүүтэй удирдлагууд оролцож, бүрэлдэхүүнд баяр хүргэн, шагнал гардууллаа.
"Таван цэг баг"-ийн гүйлтийн бүрэлдэхүүнд баяр хүргэж Батлан хамгаалахын Сайд Д.Батлут үг хэлэхдээ:
“Монгол цэргийн тэсвэр хатуужил, эр зоригийг бататган харуулж, Монгол Улсын баруун захын цэг “Алтай Таван Богд"-ын “Цаст даваа”-наас зүүн захын цэг Дорнод аймгийн “Соёлз уулын модот хамар” хүртэл, Хойд захын цэг Хөвсгөл аймгийн “Монгол Шарын Даваа"-наас Өмнөговь аймгийн “Орвог гашууны Бор толгой" хүртэл нийт 5011 км замыг 95 хоногт туулж, барианд орсон бахархам амжилтыг үзүүлж, Монгол Улсын "Хэт холын зайн марафон гүйлт"-ийн шинэ дээд амжилтыг тогтоосныг дуулгахад таатай байна. Энэхүү бахархам амжилтын эзэд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжмийн салааны “Хөгжимчин" ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин, дэд ахлагч Б.Буянхишиг нарт Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
Хүндэтгэлийн ёслолын төгсгөлд дэд ахлагч Б.Буянхишигт Зэвсэгт хүчний "Биеийн тамирын алдар" медаль, ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нарт Монголын хэт холын зайн марафон гүйлтийн холбооны "Дээд амжилт эзэмшигч"-ийн батламжийг, "Таван цэг баг"-ийн дэмжлэгийн бусад бүрэлдэхүүнд БХЯ, ЗХЖШ-ын нэрэмжит шагнал, медалийг гардуулан өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ