Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

-Дулааны улиралд нийслэлд бүтээн байгуулалтын ажил нэлээд өрнөдөг шүү дээ. Энэ зун ямар онцлогтой болж байна. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ямар ямар ажил өрнөж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Өнгөрсөн жилээс эхлүүлээд нийслэлийнхээ иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байна.
Энэ талаар иргэд маань мэдэж байгаа. Онцолж түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж буй ажлуудаас дурдвал Туулын хурдны замын тендер шалгарч гэрээ байгуулагдсан. Одоо ажлын талбайн бэлтгэл ажил явагдах гэж байгаа. Цаашлаад энэ жилдээ багтаагаад тойрог хурдны замын нээлттэй тендерийг зарлахаар ажиллаж байгаа. Мөн авто замтай холбоотойгоор нийслэлд энэ зун 83 байршилд нийт 192 км авто зам шинээр барих, засвар шинэчлэлтийн ажил хийгдэж есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө дуусгахаар ажиллаж байна. 14 байршилд 58 км явган хүний замын ажлыг хийж байгаа. 168 сургууль, цэцэрлэг шинээр барих, засварлах төсөл, арга хэмжээг эхлүүлсэн. Одоогоор 12 сургууль, цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад оруулсан, цаашлаад энэ ондоо багтаагаад 24 сургууль, 45 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ингээд эдгээр сургууль, цэцэрлэгүүд маань ашиглалтад орсноор сургуулийн суудал 16000, цэцэрлэгийн хүртээмж 9180-аар энэ жилдээ нэмэгдэж байгаа гэж ойлгож болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ