Утаа буурах уу?

img

 

Хүйтний ам наашилж,  хөхүүрийн ам цаашилж өвөл хаяанд ирлээ. Улаанбаатар хот галлагааны улирлын бэлтгэлдээ оржээ. Энэ жил нийслэлийн долоон дүүрэгт 274 цэгээр шахмал түлшний борлуулалт эхэлсэн бол ирэх сард энэ тоо 400-д хүрэхээр төлөвлөгдөж байна. Харин өмнөх жилүүдийн "сайн" картаас татгалзаж, энэ жилээс хэрэглэгчид "Hotula" гэх шинэ аппликейшнаар түлшээ худалдан авах нь...

Энэ бүх шинэчлэл Улаанбаатарын утааг үнэхээр бууруулах уу?

Албаныхны мэдээлснээр, 2025-2026 оны өвлийн улиралд хэрэглээнд нийлүүлэх хагас коксон түлш 306 мянган тонн гэж төлөвлөжээ. Энэ түлш нь нүүрсийг 500-700 хэмийн өндөр температурт нэрэх замаар гарган авсан, илүү цэвэршүүлсэн бүтэцтэй байдаг. Үйлдвэрлэлийн энэхүү процессын үр дүнд хүхэр, азотын исэл, шаталтын үед ялгардаг хорт хий бага агуулагддаг байна.

Агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулна гэж  тооцоолжээ.

 Шинжлэх ухааны судалгаагаар, хагас коксон түлш нь түүхий нүүрс болон уламжлалт шахмал түлштэй харьцуулахад 30-60 хувиар бага хорт утаа ялгаруулдаг болох нь тогтоогдсон. Монгол Улсад хийсэн зарим туршилтаар угаарын хий (CO)-ийн агууламжийг 40-50 хувь бууруулсан эерэг үзүүлэлт гарсан ч тухайн түлшийг зохистой хэрэглээ, техникийн зөв хэрэглээ, сайн агааржуулалт дагалдахгүй бол угаарын эрсдэл хэвээр байх магадлал өндөр.

“Hotula” дижитал хяналт уу, эсвэл шинэ сорилт уу?

ё Энэ системийг арванхоёрдугаар сарын 15-наас бүх иргэд хэрэглэж эхлэх ба иргэний үнэмлэхийн QR кодоор худалдаа хийх боломж ахмад настнуудад нээлттэй байна.

Харин үнэн хэрэгтээ, ухаалаг төхөөрөмж ашиглах боломжгүй, интернэтгүй өрхүүд энэ шилжилтэд хэрхэн бэлдэх вэ гэдэг асуултад хариулах эзэн алга.

Хийн түлш Агаарын бохирдлын эсрэг жинхэнэ шийдэл үү?

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5 мянган өрхийг бүрэн дулаалж, хийн түлшинд шилжүүлэх ажил энэ намар дуусна. Ирэх жил 50 мянган, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр 2028 он гэхэд 100 мянга гаруй өрх түүхий нүүрс, шахмал түлшнээс татгалзах боломж бүрдэх нь.

Хийн түлшний давуу тал бол шаталт цэвэр, дулаан гарц өндөр, угаарын хий бараг ялгаруулдаггүй. Тиймээс шинжлэх ухааны хувьд агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо бий. Гэвч энэ нь дэд бүтцийн хүчин чадал, хийн түлшний хүртээмж, үнийн тогтвортой байдал, хэрэглээний аюулгүй байдалтай салшгүй холбоотой.

Угаарын хийтэй “байлдах” нэгдсэн систем

172 мянган өрх галлагаа хийдэг нийслэлд, жил бүрийн өвөл угаарын хийд хордож, амь насаа алдсан тохиолдлууд уй гашуу дагуулсаар ирсэн. Энэ онд бүх галлагаа хийдэг өрхийг нэгдсэн удирдлагын системд холбож, угаарын аюул илэрмэгц 5-7 минутын дотор тусламж хүргэх шинэ бүтэц хэрэгжиж эхлэх юм байна.

Энэ нь зөвхөн галлагааг хянах бус, хотын хэмжээнд иргэдээ хамгаалах шинэ аргачлал байж болох ч, практик дээр хэр үр дүнтэй хэрэгжих нь өвлийн улиралд л харагдана. Тиймээс одоо хөөрцөглөхөд арай эртэднэ.

Агаарын бохирдлыг үнэхээр бууруулах боломж бий юу?

Гэхдээ...

Хагас коксон түлш — технологийн дэвшил мөн боловч төгс шийдэл биш.

Хийн түлш — цэвэр, аюул багатай ч дэд бүтцийн бэлэн байдал чухал.

Дижитал хяналт — хүнд сурталыг багасгана, гэхдээ хүртээмжид анхаарах хэрэгтэй.

Иргэдийн боловсрол, дадал зуршил, нийгмийн тэгш байдал — агаарын бохирдлын эсрэг жинхэнэ “шүүр”.

Эцсийн дүндээ, утааны асуудал бол зөвхөн түлшний биш, тэгш хөгжлийн, боловсролын, дэд бүтцийн гээд олон цогц асуудлын нэгдэл.

Түлшээ “Hotula”-аар авдаг болсон ч, утааг “ухаалаг”-аар шийдэж чадах уу?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ