ЗАСГИЙН ГАЗАР КРИТИКАЛ МИНЕРАЛЫН ОЛБОРЛОЛТОД БАРИМТЛАХ БОДЛОГОО ТОДОРХОЙЛОХ ЁСТОЙ

Монгол улсын Засгийн газар, АҮЭБЯ орлогын эх үүсвэрээ тогтворжуулах, эдийн засгийг тэлэх зорилготой ажиллахаа мэдэгдсэн. Энэ хүрээнд 2030 оноос эхлэн критикал минералын олборлолтыг нэмэгдүүлж, 2050 он гэхэд ашигт малтмалын орлогын 16 хувийг энэ төрлийн бүтээгдэхүүнээс бүрдүүлэхээр тооцож байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс критикал ашигт малтмалд гэдэгт зэс, ГХЭ, лити, графит, магни, манган, никель, вольфрам, жонш, ураныг нэрлээд буй. Эдгээр ашигт малтмалын хайгуул, олборлолтод төвлөрснөөр 2030 он гэхэд критикал ашигт малтмалын тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэх цаашлаад экспортлох боломж бүрдэх судалгаа бий.
Гэхдээ дээрх өөдрөг зорилтод хүрэхийн тулд төр өөрөөэнэ салбарыг тойрсон популизм, улстөржилтөөс ангижрах ёстой. Популизм, дотоод улстөржилтөөс ангижрахгүй бол ямар ч төсөл яриад, зорилт тавиад бүтэхгүйг өнгөрсөн жилүүдэд харлаа. Газрын ховор элементээ олборлоё, хөрөнгө оруулалт татая, том төслүүдээ хөдөлгөе гэж жил бүрийн “Mining week” дээр ярьдаг ч яг одоогоор хөдөлсөн “том төсөл” алга. Хэдий болтол уул уурхайн долоо хоног дээр яриад өнгөрөх вэ? Ядаж олборлолт хийхэд бэлэн болсон газрын ховор элементийн Халзан Бүрэгтэй төслөө ч урагшлуулах дорвитой арга хэмжээ авсангүй.
Дэлхийд одоогоор 130 сая тонн газрын ховор элементийн нөөц илэрсэн. Манайх газрын ховор элементийн 6 орд, 3 сая тонн нөөцтэй. Нийт нөөцийн бараг тал буюу 48.7% нь Ховд аймагт орших Халзан Бүрэгтэй ордод бий. Бид газрын ховор элементийн нөөцийн хэмжээгээрээ дэлхийд 7-дугаарт эрэмбэлэгдэж байгаа ч олборлолтоо эхлүүлж чадахгүй дотооддоо улстөржсөөр. Хэрэв газрын ховор элементээ олборлож чадвал олон жил хоосон ярьж буй уул уурхайн бүтээгдэхүүнээ төрөлжүүлж чадна.
Г.Занданшатарын Засгийн газар уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд хуулиа шинэчлэн найруулах, хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг сайжруулах шаардлага тулгарч буй. Өнгөрсөн засгийн газрын алдааг давталгүй уул уурхайн биенес эрхлэгчидтэй хэлэлцээрийн ширээнд ард сууж “win win” зарчмаар тохиролцоонд хүрэх нь чухал байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ