''Халзан Бүрэгтэй'' төслийг урагшлуулах байр суурь давамгайлав
Улсын Их Хурлаас “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг судлах ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2025.09.23/ төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү сонсгол нь газрын ховор элемент (ГХЭ)-ийн салбарт үүсээд буй нийгмийн зөрчил, ойлголтын зөрүүг багасгах, бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох зорилготой. Хяналтын ерөнхий сонсголд УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын төлөөлөл, Ховд аймгийн төрийн байгууллагын төлөөлөл болон Мянгад сумын 60 гаруй иргэн оролцсон юм.
“Халзан бүрэгтэй” ордын хайгуулын ажил анх 1987 оноос эхэлсэн бөгөөд уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 онд олгосон байдаг. Үүнээс хойш тодорхой хэсэгт өрөмдлөг, хайгуулын ажил эхэлсэн ч улстөржилт, популизм, элдэв хуурамч мэдээллээс үүдэн төсөл түр хугацаанд зогсоод буй.
Газрын ховор элемент бол орчин үеийн өндөр технологийн салбарт өргөн хэрэглэгдэж буй дэлхий даяар ховордсон, стратегийн чухал түүхий эд юм. Монгол Улсад одоог хүртэл ГХЭ-ийг олборлож, боловсруулах туршлага байхгүй бөгөөд “Халзан бүрэгтэй” орд нь ашиглалтын шат руу дөхөж буй анхны томоохон төсөл. Хяналтын Ерөнхий сонсголын үеэр зөвхөн байгаль орчны асуудлаар зогсохгүй, улсын эдийн засаг, геополитикийн байр суурийг тодорхойлох чухал салбар гэдгийг оролцогчид онцолж байв. Иймд Монгол Улс зөвхөн олборлогч бус, боловсруулагч орон болох зорилго тавихын зэрэгцээ иргэдийн оролцоо, нээлттэй байдлыг хангах ёстой гэдэг байр суурь давамгайлж байв.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын чиг баримжаатай эдийн засаг бүрдүүлэх зорилтыг тодорхойлсон. Үүнийг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжин ажиллах зорилт тусгагдсан.
ГХЭ-ийн нөөц нь зөвхөн геологийн хувьд төдийгүй эдийн засгийн, геополитикийн ач холбогдолтой учраас уул уурхайн салбарын ирээдүйн өрсөлдөөнд чухал байр суурь эзэлнэ. Манай Улсын хувьд,
1990 оноос өмнө ОХУ-ын дэмжлэгтэйгээр хайгуул судалгаанууд хийгдсэн. Манай улс нэг тэрбум гаруй хүдрийн, 3.1 сая гаруй ислийн нөөцтэй.
ТАВАН аймгийн ДОЛООН сумын нутаг дахь ЗУРГААН орд газрын тусгай зөвшөөрлийн мэдээллээр,
Дорноговийн Хатанбулаг суманд Лугийн голын орд 13 мянган тонн исэлтэй. "Экту" ХХК болон "Рео" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Өмнөговийн Цогт-Овоо Хотгорын орд 486 мянган тонн исэлтэй. "Хотгор Минералс" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Өмнөговийн Мандал-Овоо Мушгиа худаг орд 82 мянган тонн исэлтэй. "Ремет" ХХ болон "Жи Эс Би Майнинг" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Ховдын Мянгад Халзан бүрэгтэйн орд 1,2 сая тонн исэлтэй. "Монголиан нэшнл Рий Ийрт Корп" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр сумдын нутгийг дамнан оршдог Цагаан чулуутын орд
Увсын Завхан Улаан дэлийн орд 5 мянган тонн исэлтэй. "Гео Инфо" ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Халзан бүрэгтэй орчмоос цацраг идэвхт бодис илэрнэ гэдэг нь үндэслэлгүй ойлголт
Физикийн ухааны доктор, судлаач Н.Тэгшбаяр:
“Дэлхий нийтээрээ ашиглаж буй гар утас, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний технологиудыг үйлдвэрлэхэд газрын ховор элемент зайлшгүй шаардлагатай. Энэ бол бидний амьдрал, технологи, цаашлаад эдийн засгийн хөгжлөөс салгаж ойлгох аргагүй стратегийн түүхий эд юм. Тиймээс ухрах бус, харин ч урагшилж, олборлох, боловсруулах, экспортлох ажлыг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин байгаль орчны хяналтаа сайтар тавьж, олон улсын стандартыг чанд мөрдөх ёстой” гэлээ.
Тэрээр мөн газрын ховор элементийн талаар олон нийтэд тархаад буй ташаа ойлголтыг залруулахын чухлыг онцолсон юм.
“Газрын ховор элемент гэдэгт Лантаноидын бүлгийн 15 элемент багтдаг бөгөөд үүн дээр Сканди, Иттри нэмэгдээд нийт 17 элемент болдог. Эдгээрээс ганцхан нь цацраг идэвхт шинж чанартай байдаг ч уг бодисыг лабораторийн нөхцөлд гаргаж авдаг болохоор байгаль дээрээс шууд үүсэхгүй. Тиймээс Халзан бүрэгтэй орчмоос цацраг идэвхт бодис илэрнэ гэдэг нь үндэслэлгүй ойлголт” гэж тодотгов.
Түүний тайлбарласнаар, уран болон газрын ховор элемент нь огт өөр бодис бөгөөд олборлох арга нь ч тэс өөр юм.
“Ураныг газар доорх уусган баяжуулах аргаар олборлодог бол газрын ховор элементийг ил аргаар олборлодог. Энэ хоёрын хооронд ‘тэнгэр газар шиг’ ялгаа бий. Хүмүүс энэ хоёрын ялгааг мэдэлгүйгээр андуурч, буруу ойлголт авч байгаад харамсаж байна” гэв.
Түүнчлэн төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн болон улсын эдийн засагт үзүүлэх ашиг тусыг ч тодруулсан юм.
“Хэрэв энэ төсөл хэрэгжээд эхэлбэл зөвхөн төслийн цахилгааны жилийн төлбөр нь Мянгад сумын өнөөгийн 40 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээтэй. Энэ нь тус орон нутгийн хөгжлийг огцом урагшлуулах бодит боломж. Бид зөвхөн нүүрсээ экспортлоод зогсохгүй, өндөр технологийн чухал түүхий эд болох газрын ховор элементийг олборлож, боловсруулж, нэмүү өртөг шингээн гаргах гарц нээгдэнэ. Энэ бол эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгох чухал алхам” хэмээн онцоллоо.
Мэргэжилтнүүддээ итгэе, уул уурхайн салбарт хууль эрх зүйн бодит суурь хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Улс даяараа уул уурхай, геологийн асуудлыг ярьж, дэвэргэх болсон энэ үед мэргэжлийн хүмүүсээ сонсъё. Газрын ховор элемент бол маш нарийн, шинжлэх ухаанд тулгуурласан мэргэжлийн сэдэв. Гэтэл иргэдийн бухимдлыг ашиглаж, асуудлыг улстөржүүлж байгаад харамсалтай байна” хэмээн тэрбээр онцлов.
Б.Уянга гишүүний хэлснээр, Ховд аймагт иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшинд ч асуудлыг мэргэжлийн түвшинд бус, улс төрийн өнгө аястай хандсан нь харамсалтай.
“Ховд аймгийн ИТХ, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагууд иргэдийг урдаа суулгаж, хамтдаа асуудлыг сонсохын оронд дэвэргэж, үл ойлголцол бий болгож байна. Бид мэргэжилтнүүддээ итгэх ёстой. Тэдэнд орон зайг нь өгч, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Иргэд хардах эрхтэй ч, гүтгэх ёсгүй. Үнэн мэдээлэлд суурилж, шинжлэх ухааны үндэстэй шийдвэр гаргах нь чухал" гэв.
Тэрээр мөн уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинд тодорхойгүй заалтууд олон байгааг шүүмжилж, шинэ хуулийн төсөл боловсруулж байгаагаа дуулгав.
“Миний бие хэсэг гишүүдийн хамт 'Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай' хуулийн төслийг боловсруулж байна. Уул уурхайн салбарын үр өгөөж гэж яг юуг хэлж байгааг хуульдаа тодорхой заах шаардлагатай. Мөн нөлөөллийн бүс гэж юу вэ, нөлөөлөлд өртөж буй иргэн гэж хэнийг ойлгох вэ гэдэг ч тодорхойгүй байна. Тиймээс төр бодлогоо тодорхой болгож, ямар төслөө дэмжих, ямар үр өгөөж авах тухайг хуулийн хүрээнд цэгцлэх нь зүйтэй” хэмээв.
Түүний хэлснээр, уул уурхайн салбар зөвхөн эдийн засгийн хувьд бус, нийгэм, байгаль орчны тэнцвэртэй хөгжилд хэрхэн нөлөөлөхийг бүх шатанд ойлгож, зохистой зохицуулалт хийх нь улс орны хөгжлийн гарцын нэг байх учиртай юм.
Олон улсын зах зээл дэх өрсөлдөөнд Монгол хоцрох вий гэдэг бол гол эрсдэл
Халзан бүрэгтэй төслийн удирдагч А. Цолмон:
“Өнгөрсөн хугацаанд зөвхөн хайгуул, судалгааны ажил л явагдсан. Ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй, экспортолж буй бүтээгдэхүүн ч байхгүй. Иймээс байгаль орчинд учирч болох сөрөг нөлөөллийн талаар ярих нь хараахан эрт” гэж тэрбээр тайлбарлав.
Түүний хэлснээр, бүх үйл ажиллагаа Монгол Улсын хууль, олон улсын сайн туршлага, стандартын дагуу хэрэгжиж байгаа аж. Судалгаа, лабораторийн туршилтууд хийгдэж, үүнд үндэслэн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах ажил шат дараатай үргэлжилж байна.
“Газрын ховор элемент бол Монголд өмнө нь олборлож байгаагүй, шинэ тутам ашигт малтмал. Энэ ч утгаараа иргэдэд бодит мэдээллийг хүргэхэд хэцүү байдаг. Өндөр технологийн түүхий эдийг хортой, цацраг идэвхитэй гэх зэрэг ташаа мэдээлэл иргэдийн дунд түгэээл байна.
Тэрээр мөн төслийн багийн зүгээс нутгийн иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулж, бүх сумдаар явж танилцуулга хийсэн гэдгийг онцолсон. Үнэндээ энэ нь ГХЭ-ийн салбарт орон нутагт мэдээлэл түгээсэн анхны томоохон төсөл аж.
“Нутгийн иргэдийн дунд эдийн засгийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байгаа байр суурь давамгайлж байна. Харин байгаль орчинд яг ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдгийг тодорхой хэлээд өгөөч гэсэн хүлээлт, хүсэлт байна гэв.
Дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн нийлүүлэлт урьд өмнө Хятадаас 90 хувь хамаарч байсан бол өнөөдөр 10 гаруй орноос салбарлан нийлүүлж буй нь зах зээлийн уралдаан ширүүссэнийг харуулж байна. Монгол Улс энэ өрсөлдөөнд орохоор зэхэж буй ч нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах хурд удааширч байгааг А.Цолмон онцолсон юм.
“Газрын ховор элементийн олборлолт гэдэг нь зөвхөн нөөцтэй байх биш. Түрүүлж олборлосон нь олон улсын зах зээлд байр сууриа эзэлдэг. Манай төсөл хайгуулын ажлаа хоёр жилээр хойшлуулсан. Үүний үр дүнд төслийн ерөнхий хугацаа 2.5–3 жилээр ухарч байна. Энэ хугацаанд алдсан эдийн засгийн боломжийг хэмжих аргагүй” гэж тэрээр дүгнэв.
А.Цолмонгийн хэлснээр, одоогийн байдлаар ордод агуулагдаж байгаа зарим элементүүд нь 2035–2050 он хүртэл дэлхийн зах зээл дээр тогтвортой өсөх эрэлттэй түүхий эдүүдийн тоонд орж байгаа аж.
“Эхний техник эдийн засгийн урьдчилсан тооцоо (ТЭЗҮ) эцэслэгдээгүй ч анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Гэхдээ энэ орд бол амаргүй. Ашигтай хүдрийн агуулга бага, өмнө нь 1980-аад оноос хойш дорвитой судалгаа хийгдээгүй. Тиймээс бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон улсын шаардлагад нийцүүлэн энэ ажлыг үргэлжлүүлж, дуусгахын төлөө ажиллаж байна” хэмээн тэрээр ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ